Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-05 11:41:54

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүллээ.


Хэлэлцүүлгийн үеэр Монголбанк, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Мөнгө, сангийн бодлого ба макро зохистой бодлого”, “2026 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл”, “Монгол Улсын макро эдийн засгийн орчин, тулгамдсан асуудал ба шийдэл”, “2026 оны эдийн засгийн төсөөлөл” илтгэлийг танилцуулав.


Дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал, гео-эдийн засгийн хуваагдал, худалдааны маргаан зэрэг гадаад шок давамгайлж буй энэ үед макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалах, эдийн засгийн уналтаас сэргийлэх, тогтворжуулах нь бодлогын гол сорилт хэвээр байгаа. Дотоод хүчин зүйлсийн хувьд, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хэт өсөлт, давхар зээлтэй иргэд олширч байгаа зэрэг эрсдэл нь санхүүгийн тогтвортой байдлыг эмзэг болгож байгааг илтгэгчид онцолж байлаа.


Иймд Монголбанк ирэх онд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, иргэдийн бодит орлогыг хамгаалахын тулд одоогийн 6 хувийн инфляцын зорилтыг 2027 оноос буюу дунд хугацаанд бууруулж 5 хувь орчимд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр зорьж байгааг Монголбанкны ерөнхий эдийн засагч Б.Баярдаваа тэмдэглэв.


Харин салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд банкны өөрийн хөрөнгийн бүтцийг төрөлжүүлэх, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хяналт шалгалтын олон улсын стандартад нийцүүлэхийн зэрэгцээ Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлогыг шинэчлэх, иргэдийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээүлүүлэхийг зорьж байгаа аж.

Хэлэлцүүлэгт эдийн засгийн бодлого тодорхойлогч төрийн байгууллагууд, их дээд сургуулийн эрдэмтэн, судлаач, эдийн засагч, олон улсын болон бизнесийн байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцлаа.


Монголбанк нь энэхүү бодлогын баримт бичгийг жил бүрийн аравдугаар сарын нэгний дотор УИХ-д өргөн барьдаг бөгөөд 2017 оноос олон нийтэд танилцуулах хэлэлцүүлгийг зохилон байгуулж байна. 

 

Связанные новости