Салбар төмөр зам барьснаар дараагийн төсөл хэрэгжүүлэх боломжтой болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-05 14:19:56

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Засгийн газраас Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам тавих шийдвэр гаргаж, барилгын ажлыг энэ ондоо багтаан дуусгахыг зорьж байна.


Цаашид Хөшигийн хөндий-Аршаант чиглэлийн салбар төмөр зам барьснаар “Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Багахангай өртөөнөөс салж, Аршаант өртөөгөөр нийлэх хоёр дахь төмөр замын төслийг хэрэгжүүлэх юм. Иймд Хөшигийн хөндий – Аршаант чиглэлийн салбар төмөр зам барих төслийг бодлогоор дэмжиж, хамтран ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Владивосток хотноо өнөөдөр ОХУ-ын Төмөр замын агентлаг “Росжелдор” НХН-ийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч дарга бөгөөд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Ерөнхий хорооны дарга С.А.Павлов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэрээ онцоллоо.


Тэрбээр Монгол-Орос хоёр улсын хамтарсан төмөр зам болох “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй ажлын талаар санал бодлоо илэрхийлж, тулгамдаж буй зарим асуудлаа танилцуулаад, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа төмөр зам, авто болон агаарын тээвэр, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн талаар санал солилцжээ. 

Связанные новости