Эдийн засгийн өсөлтийг хурдасгах шийдлийг эрэлхийлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-08 12:44:48

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Төрийн гүйцэтгэх үүрэг, уул уурхайн салбарт дижитал технологи нэвтрүүлэх боломж, ашиг тусын тухай болон гарааны компаниуд, хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран эдийн засгийн өсөлтийг хурдасгах шийдлийг  “Монгол Улсын технологийн шилжилт ба ирээдүйн чиг хандлага” хэлэлцүүлгийн үеэр эрэлхийлж байна.


Эдийн засгийн хөгжлийн төв, Монголын Бизнесийн Зөвлөл, "Оюутолгой" ХХК, "Рио Тинто" групп хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлэг нь Монгол Улсын дижитал шилжилтийн боломж, эрсдэлийг хэлэлцэх, инновацын экосистем бүрдүүлэх, уламжлалт салбаруудыг дижитал технологийн дэвшлээр бэхжүүлэх зорилготой юм. Хэлэлцүүлэгт гадаад, дотоодын 20 гаруй зочин оролцож, Монголыг дэлхийн дижитал эдийн засагт зохих байр сууриа эзлэх боломж, эдийн засгийн бүтээмжийн шилжилт хийх шаардлагын талаар байр сууриа хуваалцлаа.



Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Сайд Г.Дамдинням “Монгол Улс газар зүй, тээвэр, логистикийн хувьд хязгаарлагдмал тул эдийн засгийн бүх салбарт бүтээмжийн шилжилт хийх шаардлага бий. Үүний тулд олборлодог уурхайг "оюун" уурхайтай хослуулан, дижитал шилжилтээр дэлхийн зах зээлд гарах боломжтой. Уул уурхайн салбарт дижитал шилжилт хийх, хиймэл оюун, автоматжуулалт, цэвэр технологийн дэвшлийг үр дүнтэй ашиглах нь урт хугацаанд өрсөлдөх чадварыг нэмэх ач холбогдолтой” хэмээн онцлов.


Хэлэлцүүлэгт, Moonshot Platform, Start-up Genome, T-Hub Hyderabad, Plug and Play, Founders Factory зэрэг олон улсын гарааны болон хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөл оролцжээ

Связанные новости