АРХАНГАЙ: 1967 оноос хойш тарваган тахлын 18 удаагийн тохиолдол бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цахир, Булган суманд тарваган тахлын дунд, бага идэвхтэй бүс байдаг бол Чулуут, Ихтамир сумыг өндөр идэвхтэй бүс гэж үздэг байна.
Тарваган тахлын хүний өвчлөлийг аймгийн хэмжээнд 1967-2022 оны хооронд авч харвал нийт 18 тохиолдол бүртгэгдсэн байдаг байна. Задалбал, Цахир суманд 1983 онд хоёр, 1990 онд Булган суманд нэг, Эрдэнэбулган суманд 2001 онд нэг, 2006 онд нэг, Чулуут суманд хамгийн их буюу 8 тохиолдол 1978, 1987, 1991, 1992 онуудад бүртгэгджээ. Харин Ихтамир суманд 7 тохиолдол гарсан нь 1983, 1990, 1991, 1992, 1997, 1998 онд байна.
Монгол орны баруун аймгуудын 81 суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байдаг.
Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2025 оны Зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээний календарчилсан төлөвлөгөөний дагуу Чулуут Хануйн цурав, Хүрмийн өр голомтонд тарваган тахлын тандалт, хайгуул шинжилгээг 54.0 мян. га талбайд хийж гүйцэтгэжээ.
Тус шинжилгээгээр тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдлыг хянах, тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдваруудын байгалийн голомтыг илрүүлэх, голомтын төлөв байдлыг тандах зорилготой.
Голомтот нутгаас мэрэгч
амьтан, махчин шувууны гулигдас, ноохой, агуулагч амьтны гадны шимэгч зэрэг
нийт 419 сорьц дээжилжээ. Шинжилгээнд дээжилсэн бүх сорьцыг нян харах, нян
судлал, биологи, молекул биологийн аргуудаар шинжилж байгаа ба лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.