ӨМНӨГОВЬ: “Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллацгаая” хөтөлбөрт 25 оюутан тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-09-11 09:19:07

Даланзадгад, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Орон нутагт дутагдалтай мэргэжлээр суралцаж буй төгсөх ангийн оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрууллаа.

         

Тодруулбал, "Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллацгаая" оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг "Тавантолгой" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд 5 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм. 

 

Энэ хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг 2025 оны наймдугаар сарын 25-29-ны өдрийг хүртэл зарлаж материалыг хүлээн авч, 3 болон түүнээс дээш дамжааны 25 оюутныг сонгон шалгаруулж тэнцүүлжээ.

 

Хоёрдугаар шатны шалгаруулалтыг энэ сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулж, тэнцсэн 25 суралцагчтай ярилцлага хийлээ.


Тус тэтгэлэгт эдийн засагч, нягтлан бодогч, эрх зүйч, уул уурхайн инженер, уул уурхайн маркшейдр, хот бүс төлөвлөлт архитектор, хүрээлэн буй орчны инженерчлэл, технологи, сэргээгдэх эрчим хүчний инженер, мэдээллийн технологи, график дизайн зэрэг 10 чиглэлээр суралцаж байгаа оюутнууд хамрагдаж байна.


"Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллацгаая" оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд Өмнөговь аймгийн харьяат, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн III болон IV дамжааны оюутан байх, суралцагчийн голч дүн 3 ба түүнээс дээш, өөр тэтгэлэг хөтөлбөрт хамрагдаагүй байх, төгсөөд сум орон нутагтаа тогтвортой ажиллах зэрэг шалгуур хангах ёстой юм.


"Тавантолгой" ХК-ийн нэрэмжит "Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллацгаая" оюутны тэтгэлгийн 2024-2025 оны шалгаруулалтад  22 оюутан тэнцэж байжээ.

Связанные новости