ДОРНОГОВЬ: Хулангийн цавчаал буюу усны инженер

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-09-15 17:01:28

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол орны ховордсон амьтны тоонд ордог хулан бол говь нутгийн нэгэн үзэмж бөгөөд экологийн тэнцвэрийг хадгалж байдаг амьтан юм.


Хулан үнэрч амьтан. Элсэн цөлд туурайгаараа газар малтаж ус гаргана. Харин хээрийн бусад амьтад хулангийн бэлчээр дагаж гаргасан уснаас нь ундаалж байдаг. Тиймээс хуланг амьтдыг ундаалагч "Усны инженер" гэж нэрлэх нь бий


Туурайгаараа газар ухаж гаргасан усыг хулангийн цавчаал ч гэж нэрлэдэг. Судлаачдын тэмдэглэснээр Монгол оронд 90 гаруй мянган хулан буй бөгөөд үүний 80 гаруй хувь нь Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Ханбогд сумыг дамнасан газар нутагт бэлчээрлэдэг гэсэн тоо баримт байна.



Зурагт: Хулангийн гаргасан уснаас тэмээн сүрэг ундаалж байна.


Хулангийн унага босоо төрдөг гэх нутгийн малчдын аман яриа байхаас гадна Монголын хурдан адууны нэг Дорноговь аймгийн  Дэлгэрэх сумын баньд адууны угшлыг хулангаас гаралтай ч гэж ярих нь бий.


Нутгийн малчид хулангийн талаар сөрөг бодолтой байх нь элбэг. Учир нь хуланг малын бэлчээр талхаллаа гэх авч үнэндээ амьдрах явцад нь садаа болохгүй л бол маш их тэсвэртэй, нутаг сэлгэн нүүдэллэж амьдардаг амьтан юм.


Нүүдлийн амьтдаас хамгийн их шилжилт хөдөлгөөн хийдэг тул говь нутгийг хөндлөн, босоо тэнхлэгээр холбосон авто зам, төмөр зам нь хулангийн бэлчээр нутгийг хумьсаар байна.
  

Связанные новости