Демаркус Казинс Монголын лигт дахин тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-16 10:37:06

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. NBA-гийн бүх рүүки тоглогчдын нэгдүгээр багт сонгогдож, 2015-2018 он хүртэл NBA-гийн Бүх одод тоглогч, сагсан бөмбөгийн ДАШТ болон “Рио-2016” Олимпын аварга Демаркус Казинс Монголд дахин ирэхээр болсноо өнөөдөр өглөө сошиал хуудсаараа мэдэгдлээ.


Тэрбээр “Сэлэнгэ Бодонс” багтайгаа дахин нэгдэж аваргын төлөө тоглохоор болсон байна. Өнгөрсөн улиралд “Сэлэнгэ Бодонс” багтай хамт лигт түрүүлж чадаагүй Казинс эргэн ирэхээ хэлж байсан юм. Тэр нь биеллээ олж байна.


Казинс нутаг буцахдаа, “Монголын сагсан бөмбөгийн үнэнч фэнүүд, тэр дундаа “Сэлэнгэ Бодонс” багийн дэмжигч та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хэдий Монголд өнгөрүүлсэн хугацаа маань богинохон байсан ч миний амьдралд мартагдашгүй дурсамж болж үлдлээ. Би хайртай спортоо тоглохоор ирсэн ч энэ газраас би хүсэл тэмүүлэл, бахархлаар дүүрэн ард түмэн, өвөрмөц соёл, үзэсгэлэнт байгаль гээд илүү гүн гүнзгий зүйлсийг мэдэрч, олж авлаа. Би Монголын гайхамшигт соёл, ард түмэн, Монгол Улсад дурласан. Та бүхний хайр, дэмжлэг надад үнэхээр их урам өгч, намайг гэр бүлийн нэгэн гишүүн мэт халуун сэтгэлээр хүлээн авсныг хэзээ ч мартахгүй. “Бодонс” багийг төлөөлөн тоглох миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Талбайд гарах бүрдээ та бүхний энэ спортод зориулж буй энерги, бахархал, урам зориг, хайр бүхнийг мэдэрч байсан. Энэ мэдрэмжүүдийг би хэзээ ч мартахгүй. Мөн дасгалжуулагчдаа болон багийнхаа бүх гишүүнд талархал илэрхийлье. Баяртай гэж хэлэхгүйгээр дараа дахин уулзацгаая. Монгол Улс үргэлж миний зүрхэнд байх болно. Би Монгол Улсын талаар, та бүхний энд бий болгосон гайхалтай лигийг үргэлж бахархалтайгаар ярьсаар байх болно. Дараа дахин уулзацгаая” хэмээн ярьж байсан юм.


Демаркус Казинс Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн плей-оффын шатанд “Сэлэнгэ Бодонс” багийн бүрэлдэхүүнд тоглоно. 



Связанные новости