ДОРНОГОВЬ: "Саран хөхөө" театрын уран бүтээлчид "Дорнын цадиг" нэгдсэн тоглолтоо толилуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас их соён гэгээрүүлэгч, говийн V дүрийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Тэнгэрийн хутагт” соёлын фестивалийг есдүгээр сарын 19-20-нд Дорноговь аймгийн аялал жуулчлалын төв болох Хамарын хийдийн ойролцоо зохион байгуулна.
Энэхүү фестивалийн үеэр “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг тоглохоос гадна соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн нэрэмжит "Саран хөхөө" театрын уран бүтээлчид "Дорнын цадиг" нэгдсэн тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ хангаж байна. Тус театр 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй захиргаа, үйлдвэрлэл үйлчилгээний анги, дуу, хөгжим, бүжиг, драм гэсэн уран бүтээлийн ангитай үйл ажиллагаагаа явуулж буй.
Түүх сөхөхөд, XIX зууны үе буюу 1832 онд Ноён хутагт Лувсанзанзанравжаа нүүдэлчдийн театрыг анх удаа үндэслэсэн нь Монголын театрын үүсэл болсон байна. 1979 онд хуучнаар БНМАУ-ын МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 351 дүгээр тогтоолоор Дорноговь аймагт Хөгжимт драмын театр байгуулах шийдвэр гарч, 1980 оны 12 дугаар сарын 27-нд "Учиртай гурван толгой" дууриар нээлтээ хийж байжээ.
Харин Их хутагтын 200 жилийн ойгоор Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 151 дүгээр тогтоолоор Соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нэрэмжит театр болсон түүхтэй.