Трамп, Стармер нар технологийн томоохон гэрээнд гарын үсэг зуржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 19 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нар хиймэл оюун, квантын компьютер, цөмийн эрчим хүчний салбарт хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай олон тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа.
“Энэ бол Их Британийн түүхэн дэх ийм төрлийн хөрөнгө оруулалтын хамгийн том багц юм” хэмээн К.Стармер есдүгээр сарын 18-ны пүрэв гарагт Чекерс дахь ордондоо Д.Трампын төрийн айлчлалын хоёр дахь өдөр хийсэн хэлэлцээний дараа мэдэгдсэн байна.
К.Стармер уг гэрээг “шинэлэг” гэж нэрлээд, уулзалтад Америкийн технологийн хэд хэдэн корпорацын удирдлагууд оролцсоныг онцолжээ.
Харин Д.Трамп мэдэгдэхдээ “маш том” хэлэлцээр байгуулсан хэмээгээд өнөөдрийн хэлэлцсэн асуудлуудаас үл хамааран АНУ ба Их Британийн хооронд “салшгүй хэлхээ холбоо” оршин байдаг гэдгийг онцлов. Түүний хэлснээр, уг гэрээ нь хиймэл оюун зэрэг салбарт “төрийн байгууллагууд, шинжлэх ухааны салбарынхан, хувийн хэвшлийн хооронд шинэ хэлбэрийн хамтын ажиллагаа бий болгох нөхцөлийг бүрдүүлэх аж”.
Д.Трампын төрийн айлчлал эхлэхээс өмнө Америкийн технологийн аварга компаниуд болон санхүүгийн корпорациуд ирэх жилүүдэд Их Британид 150 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулна гэж мэдэгдсэн юм. Тухайлбал, Америкийн хөрөнгө оруулалтын “Blackstone” компани ирэх арван жилд Британийн төслүүдэд 90 тэрбум фунт стерлинг, “Google” компани ойрын хоёр жилд 5 тэрбум ам.доллар, “Microsoft” корпорац ирэх дөрвөн жилд 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдсэн байна. Тус корпорац Их Британид зориулан хамгийн том супер компьютерийг зохион бүтээх юм.
Лондоны “Nscale” компани Америкийн хиймэл оюуны технологи хөгжүүлэгч “OpenAI”, чип үйлдвэрлэгч Nvidia компанитай хамтран хиймэл оюуны дэд бүтцийг хөгжүүлэх Америкийн “Stargate” санаачилгын Британийн хувилбарыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн Их Британид 120 мянган ширхэг орчин үеийн графит процессор суурилуулахаар төлөвлөж байгаа нь Европын бусад улс орнуудынхаас давсан тоо юм. Энэхүү хөрөнгө оруулалт нь “Технологийн хөгжил цэцэглэлтийн тухай гэрээний” нэг хэсэг бөгөөд үүнд цөмийн болон сансрын салбарын хамтын ажиллагааны гэрээнүүд ч багтсан байна.
Д.Трамп, К.Стармер нар мөн Украинд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх боломжууд, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэх арга замуудыг хэлэлцжээ.
К.Стармер сэтгүүлчдэд хэлэхдээ "Өнөөдөр бид батлан хамгаалах хүчээ хэрхэн бэхжүүлэх, Украиныг цаашид хэрхэн дэмжих, мөн энхийн хэлэлцээрт гарын үсэг зуруулахын тулд Путинд үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэх талаар ярилцлаа" гэжээ.
Д.Трамп ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд Их Британид хоёр дахь удаагаа төрийн айлчлал хийсэн цорын ганц төрийн тэргүүн боллоо. Түүний анхны айлчлал 2019 онд болсон. Энэ удаагийн айлчлал Лондон хотоос гадна болсон бөгөөд есдүгээр сарын 17-ны орой арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж буй Д.Трампын бодлогыг эсэргүүцсэн жагсаал болжээ.