БАЯНХОНГОР: Төрийн албаны ерөнхий нөөцөд 91 иргэн бүртгүүлээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтын 2025 оны хуваарийг баталж, энэ оны гуравдугаар улирлын шалгалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Энэ удаагийн Төрийн албаны ерөнхий шалгалтад Баянхонгор аймагт 91 иргэн бүртгүүлснээс 67 иргэн шалгалтад орсон бол 27 нь тэнцэж, төрийн албаны ерөнхий нөөцөд бүртгүүллээ.
Баянхонгор аймгийн тухайд 2025 оны нэгдүгээр улиралд 105 иргэн бүртгүүлснээс 30 иргэн, хоёрдугаар улиралд 116 иргэн бүртгүүлснээс 34 иргэн тэнцэж Төрийн албаны ерөнхий нөөцөд бүртгүүлээд байсан юм. Ийнхүү энэ оны 1, 2, 3 дугаар улирлын шалгалтад нийт 91 хүн тэнцэж, ерөнхий нөөцөд бүртгүүлээд байна.
Төрийн албаны зөвлөлөөс ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” номыг цахим болон цаасан хувилбараар гаргасан. Шалгалтыг энэхүү номын сэдвээр авчээ.
Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн албанд 181 байгууллагад 5000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.