ХӨВСГӨЛ: Бүрэнтогтох сумын нутгаас 74 хадан зураг илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн Дов толгой хэмээх газарт шинээр хадны сүг зураг илрүүлж, дүрслэлийг тодруулах, бүртгэн баримтжуулах, газрын байршлыг тогтоох ажлыг Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас хийсэн байна.
Дов толгойн энгэрт сунаж тогтсон хар өнгийн хадны үзүүрийн хавтгай чулуун дээр олон төрлийн ан амьтныг дүрсэлсэн байна.
Тодруулбал, 41 янгир, 12 гөрөөс, 10 морь, 5 буга, 1 чоно, 1 согоо, 4 үл мэдэгдэх амьтан нийт 74 амьтны сүг зураг дүрсэлжээ.
Хадны зураг бол монголчуудын өв соёлын нэг бөгөөд 40 000-10 000 жилийн тэртээгээс монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүсийн оюуны соёлын онцлогийг илэрхийлдэг.
Монголын хамгийн эртний хадны зураг Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Хойд Цэнхэрийн агуйн зураг боловч түүнээс ч олон жилийн өмнө уран зураг зурсаар байсны баталгаа нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Жавхлант хайрхан, Номгон сумын нутаг дахь Далан харын уулын хадны зургууд юм.