ХӨВСГӨЛ: Нийт төрөлтийн 6,5 хувь нь дутуу төрөлт байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-11-18 12:24:51

Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нярайн тасаг дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдрийг тохиолдуулан дутуу төрөлтийн хор уршиг, үр дагавраас сэргийлэх зорилгоор иргэд болон эмнэлгийн ажилтнуудад мэдээлэл өглөө.


Дэлхий дахинд 10 нярай тутмын нэг нь дутуу төрдөг гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ нь жирэмсний 22 долоо хоногоос 37 долоо хоног хүртэлх хугацаанд төрсөн төрөлтийг дутуу төрөлт гэдэг.


Хөвсгөл аймагт өнгөрсөн онд 1683 нярай төрснөөс 110 нь дутуу төрсөн бол энэ оны 9-р сарын байдлаар нийт төрөлтийн 6,5 хувь дутуу төрөлт байна.


Дутуу төрөлтийн шалтгаан нь эхийн эрүүл мэнд, жирэмслэлт, тээлт, төрөлттэй холбоотой байдаг. Тодруулбал, ураг орчмын шингэн хугацаанаасаа өмнө гарах, умайн хүзүүний дутмагшлын, эхийн архаг өвчин, халдварт өвчин, ажлын нөхцөл, нийгэм сэтгэлзүйн байдал, стресс зэргээс нөлөөлдөг байна.


 Дутуу төрсөн нярай гүйцэд төрсөн хүүхдээс 2-3 дахин илүү халамж, эмчилгээ үйлчилгээ шаарддаг байна.


Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярайн тасаг нь 2 эмч, арга зүйч, мэргэшсэн нярайн 8 сувилагч, үйлчлэгч нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр 21 сум, 5 өрхийн эрүүл мэндийн төвөөс хүндрэлтэй, дутуу төрж байгаа бүх ээжийг хүлээн авч эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна.

 




 

Связанные новости