ХӨВСГӨЛ: “Мөнх ногоон ой” төслийн хүрээнд 5000 мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагаас санаачлан хэрэгжүүлсэн “Мөнх ногоон ой” төсөл амжилттай хэрэгжиж хаалтаа хийлээ.
Тус төсөл нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, экосистемийн тэнцвэрийг хадгалах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зорилготой хэрэгжсэн байна.
Төслийн хүрээнд 2.2 га талбайд мод тарьж ургуулсан нь тоосжилт, хөрсний доройтол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чухал нөлөө үзүүлж, ойн зурвас үүсгэх экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлсэн байна.
Хөтөлбөрийн хүрээнд 5000 орчим мод тарьж ургуулж, 2.3 га талбайг ойн зурвас болгон тохижуулсан байна.
Төсөлд сонгогдсон өрхүүд мод үржүүлэг, ойн менежмент, хүнсний үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр чадамжийн гэрчилгээтэй сургалтад хамрагдаж, ур чадвар эзэмшсэн нь тэдний тогтвортой амьжиргаанд бодит хувь нэмэр оруулжээ.
Мөн зорилтот бүлгийн 50 өрхийн амьжиргааг дэмжиж, иргэд агро-ой, мод үржүүлэг, газар тариалангийн чиглэлийн мэдлэг чадвараа дээшлүүлэн чацаргана, үхрийн нүд зэрэг жимсний мод тарьж, хүнсний үйлдвэрлэлийн жижиг хэлбэрийн үйл ажиллагаа эрхлэх боломж нэмэгдсэн байна.



Связанные новости
Ulaanbaatar