Дэлхийн экспог үзсэн хүмүүсийн тоо 20 саяас давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-09-19 17:22:54

ОСАКА, 2025 оны есдүгээр сарын 19 /NHK/. Японы Осака хотноо болж буй Дэлхийн экспо үзэсгэлэнг үзэж сонирхосон хүмүүсийн тоо 20 саяас давсан тухай зохион байгуулагчид мэдээлжээ. 


Энэ оны дөрөвдүгээр сард нээгдсэн экспо ирэх 10 дугаар сарын 13-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 158 улс орон, бүс нутаг оролцож байна. Пүрэв гаргийн байдлаар, тасалбар авч үйлчлүүлсэн зочдын урьдчилсан тоо 20.037 саяд хүрчээ.


Экспо нээгдсэн даруйд өдөр бүр дунджаар 100 мянган хүн зочилж байв. Харин наймдугаар сарын хоёрдугаар хагаст энэ тоо 150 мянга орчим, энэ долоо хоногт 200 мянга болж өссөн байна. Хэрэв энэ үзүүлэлт хэвээр хадгалагдвал зочдын тоо 25 сая орчимд хүрэх төлөвтэй байгаа нь 28.2 сая хүн хүлээн авна хэмээн урьдчилсан тооцоолсноос доогуур байна. Гэхдээ нийт зочдын тоо ашиг олоход хангалттай гэж үзсэн 22 саяас давах төлөвтэй байна.


Сүүлийн үед экспогийн талбайн ачаалал ихсэж, асруудаар зочлох захиалга өгөхөд хүндрэлтэй болжээ. Нэвтрэх эрхгүй тасалбартай хүмүүст буцаан олголт өгөхгүй гэж зохион байгуулагчид хэлж байна. Мөн ажлын өдрийн үдээс хойш болон оройн цагаар гэх мэт харьцангуй ачаалал ихтэй цагуудад урьдчилсан захиалга өгөхийг зөвлөж байгаа ажээ.



Связанные новости