ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков Ховд аймагт зочиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Eвсиков тэргүүтэй албаны төлөөлөл Ховд аймагт зочиллоо. Тэд өнөөдөр Ховд аймгийн удирдах ажилтнуудтай уулзаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, тээвэр логистик, хөдөө аж ахуй, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов. Мөн оюутан, сурагч, багш нарын орос хэлний мэдлэгийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлжээ. Элчин сайдаар ахлуулсан ажлын баг үргэлжлүүлэн "Шинэ Ховд" үйлдвэр технологийн парк, "Амар органик мийт" махны үйлдвэр, МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм.