ХОВД: Гэр бүл, хүүхэд хамгааллын асуудалд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-23 10:17:33

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. “Гэр бүлийн үнэ цэн, хүүхэд бидний ирээдүй” сэдэвт хамтарсан зөвлөгөөн энэ сарын 22-нд Ховд аймагт боллоо. 


Зөвлөгөөнийг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл байгуулсны 60 жилийн ойн хүрээнд өрнүүллээ. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашлаад төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм. 


Ховд аймагт сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн гэмт хэрэг, мөн хүүхэд оролцсон гэмт хэрэг тодорхой хувиар нэмэгдэж байна. Үүнээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хамгаалах, хөгжүүлэхийн төлөө оновчтой зөв бодлого хэрэгжүүлэх, хөтөлбөр боловсруулан хамтран ажиллах шаардлагатай байгааг Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр онцоллоо.  


Тус зөвлөгөөнийг зохион байгуулахад  Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын газар, Жаргалант сумынхан хамтран ажиллав. 


Зөвлөгөөнд гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж буй 100 гаруй хүн оролцжээ. 


Тэд цаашид гэр бүлийн үнэ цэнийг сурталчлах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хүүхэд хамгааллыг сайжруулахад анхаарч ажиллах юм.

Связанные новости