ТӨВ: Зуунмод хотод дахин төлөвлөлтийн ажлыг эрчимтэй өрнүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Зуунмод хотод хэт хуучирсан орон сууцнуудыг дахин төлөвлөх ажил эрчимтэй үргэлжилж, авто замыг дөрвөн эгнээтэй байхаар төлөвлөж газар чөлөөлөх ажлуудыг хийж байна.
Мөн нийтийн эзэмшлийн газрыг олноор барьж иргэдийн амрах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөгөө гаргажээ.
Тухайлбал, Хаан банкны уулзвараас Номингийн уулзвар хүртэлх замыг өргөтгөх, орчны тохижилтыг хийх, Богд байрны гадна талбайг төв замтай холбох, сэрүүн дэнж хорооллын дундах авто замыг шинээр хийх, нийтийн эзэмшлийн зам, талбай барих ажлуудын зураг төслийг даруй гаргаж, ажлыг эрчимжүүлэхээр болжээ.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Аймгийн 2025 оны төсвийн тодотгол батлах тухай” асуудлаар төсөв хөрөнгийг шийдэхээр болсон тул ажлыг яаравчилж энэ намартаа багтааж хийхээр зорьж байна.
Мөн дээрх бүтээн байгуулалт орчимд шинээр барьж буй барилгын эзэд инженерүүдтэй уулзаж, барилгын явцтай танилцаж, орчны тохижилтын ажилд хамтарч ажиллахыг Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр үүрэг болголоо.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Сэрүүн дэнж хотхоны айл өрхүүдтэй уулзаж, эзэмшлийн газраасаа илүү гаргаж барьсан хашаагаа багасгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж хамтран ажиллах хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу айл өрхүүд хашаагаа багасгаж шинээр барих замын талбайг чөлөөлжээ.