ӨВӨРХАНГАЙ: Бүх ард түмний спортын наадмаас 29 медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны есдүгээр
сарын 23
/МОНЦАМЭ/.
Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадамд Өвөрхангай аймгийн 172
тамирчин амжилттай оролцоод ирлээ.
Энэ сарын 15-20-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Баянхонгор аймагт 64 дэх жилдээ зохиогдсон тус наадамд 21 аймаг, есөн дүүргийн 3252 тамирчин 291 дасгалжуулагчийн хамтаар оролцож, 879 багц медалиар энгэрээ мялаасан байна.
Үүнээс Өвөрхангай аймгийн тамирчид спортын
17 төрөлд оролцон нийт 8 алт, 11 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн амжилтаар
дөрөвдүгээр байрт шалгарлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын дөрвөн төрлөөс
дөрвөн алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэн хоёрдугаар байрт шалгарсан юм.
Спортын
шинэ төрлүүдийг дэлгэрүүлж хөгжүүлэх, шинэ амжилтыг тогтоох, байгууллага хамт
олны үүсгэл санаачилгыг өрнүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөн олон түмнийг
хамруулах зорилгоор Монголын бүх ард түмний спортын наадмыг дөрвөн жил
тутамд зохион байгуулж байна.