Дэнжийн мянга орчмыг дулаанаар хангах 93 МВт хүчин чадалтай хийн дулааны станц барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-24 08:39:08

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Дэнжийн 1000 орчимд БНХАУ-ын тусламжаар барьж буй 1008 айлын орон сууцны урд хэсэгт 2 га газрыг чөлөөлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 93 МВт-ын хийн дулааны станц барина.


Төслийн нийт төсөв 100 орчим тэрбум бөгөөд НЗДТГ-аас 20 хувийг санхүүжүүлж, үлдсэнийг нь төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшил өөрсдөө гаргах юм. Энэ онд багтаан төслийн олон улсын тендер зарлахаар бэлтгэж байна. 


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тухайн байршилд ажиллах үеэрээ Гэр хорооллыг орон сууцжуулж, агаарын бохирдлыг багасгахад дулааны хангамж тулгамдсан асуудал болоод байна. 1984 онд ТЭЦ-4 станцыг барьснаас хойш Амгалангийн дулааны станц нэмэгдсэн. Эрчим хүчний яамтай хамтран Дулааны тавдугаар цахилгаан станц болон тархмал 10 эх үүсвэрийг барихаар ТЭЗҮ, барилга угсралтын зураг төслийг “Ричвелл инженеринг” ХХК боловсруулж байна. Энэ станцыг ашиглалтад оруулснаар Дэнжийн 1000 орчмын орон сууцны дулааныг шийднэ. Гэр хорооллын 170 мянга гаруй айл өрхийг орон сууцжуулахад дулааны эх үүсвэр хэрэгтэй. Иймд төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2026 оноос эхлэн 93 МВт-ын станц, Дамбадаржаагийн станц, Хан Хиллс хотхоны баруун талын станц, ТЭЦ-5, Эмээлтийн ДЦС-ыг барихаар төлөвлөсөн. Мөн Зайсан, Морингийн даваа зэрэг газарт тархмал эх үүсвэрүүд байгуулна” гэлээ.

Связанные новости