ХОВД: Мэдээллийн технологийн тэмцээнд баруун бүсээс 300 гаруй сурагч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-25 13:01:58

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн аймгуудын ахлах ангийн сурагчдын дунд "Хурдан cup-2025" мэдээллийн технологийн гурван төрөлт тэмцээн өрнөж байна. 


Тэмцээн анх удаа Ховд аймагт болж байгаа бөгөөд eрөнхий боловсролын сургуулийн сурагчдад харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийг сурталчлан таниулах, бүхий л салбарт инновац хийх чадвартай бүтээлч иргэдийг ахлах ангиас эхлэн бэлтгэх, чиглүүлэх, дэмжих зорилготой юм.   


Энэ удаагийн тэмцээнд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн ахлах ангийн сурагч, "Хурдан" өсвөрийн клубийн гишүүдийн төлөөлөл 300 гаруй хүүхэд оролцож байна.   


Тэд нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон жолоодлого, цахим спорт, уран илтгэлийн төрлөөр өрсөлдөж байгаа ба шилдэг оролцогчид өнөөдөр тодорно. 


Дээрх тэмцээнийг зохион байгуулахад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон Ховд аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, ИТХ, ЗДТГ хамтран ажиллаж буй. 



Связанные новости