ГОВЬ-АЛТАЙ: Цахим спорт, мэдээлэл технологийн уралдаанд 150 гаруй сурагч оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын санаачилгаар “Цахилгаан тамхинаас татгалзаж, Цахим спортыг хөгжүүлцгээе” уриан дор мэдээлэл технологийн “Хурдан” клубтэй хамтран “ХУРДАН CUP 2025” гурван төрөлт тэмцээнд 150 гаруй сурагч оролцов.
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050”, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.2.2.1 дэх заалтад тусгасан “Мэргэжлийн ур чадвартай ажилтан, мэргэжилтнийг ахлах ангиас нь эхлэн бэлтгэх”, Цахим-Алтай хөтөлбөрийн ухаалаг иргэн зорилтын хүрээнд тэмцээнийг зохион байгуулжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийг сурталчлан таниулах, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт инновац хийх чадвартай бүтээлч иргэдийг дунд ахлах ангиас нь эхлэн бэлтгэх, чиглүүлэх зорилгоор и-спорт, дрон, илтгэл гэсэн гурван төрөлт тэмцээний ахлах ангийн сурагчдын дунд явуулснаараа ихээхэн ач холбогдолтой байсан тухай Есөнбулаг сумын ЗДТГ-аас онцлон мэдээлэв.