МАН: Д.Амарбаясгалан дахин санал хураалтаар 85.7 хувийн санал авч, МАН-ын даргаар сонгогдлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. МАН-ын VIII Бага хуралдаан өчигдөр болж, дөрвөн асуудал хэлэлцсэн тухай УИХ дахь МАН-ын бүлгийн цахим хуудсанд мэдээлжээ.
Тодруулбал, энэ удаагийн хурлаар МАН-ын Бага хурлын гишүүдийг чөлөөлөх, сонгох, даргыг сонгох, өмнөх даргыг чөлөөлөх тогтоол, МАН-ын XXXI Их хурлын тов, оролцох гишүүдийг сонгох журмыг хэлэлцжээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, “Бага хурлын гишүүнээс төрийн албанд томилогдсон болон бусад шалтгаантай 49 гишүүнийг чөлөөлсөн. Дүрмийн дагуу МАН-ын шат шатны дарга нарыг бага хурлын гишүүнээр сонгодог жишгээр нөхөн сонгосон. Хоёрт, МАН-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Намын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар өрсөлдсөн. Санал тоолоход УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 56, Ерөнхий сайд Г.Занданшатар 44 хувийн санал тус тус авсан.
Санал хураалт явуулахаас өмнө нэр дэвшигчдийн хэн нь ч гуравны хоёрын санал авч чадаагүй нөхцөлд дахин санал хураалт явуулах журмыг Бага хурлын гишүүд баталсан. Энэ дагуу дахин санал хураалтаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 321 гишүүнээс 275-ынх нь саналыг авлаа.
Өөрөөр хэлбэл, санал өгсөн гишүүдийн 85.7 хувийн санал авч, МАН-ын даргаар сонгов. Бид Улс төрийн намын тухай хуулийг үндэслээд МАН-ын дүрмийг баталсан. Хурлын дэг бусад хэлэлцэх асуудал дүрмийн дагуу боллоо. Хуралдааны бүх үйл явц дүрэм журмын дагуу, хэлэлцэх асуудал тус бүрийг бага хурлын гишүүдээрээ шийдвэрлэсэн учраас Дээд шүүхэд маргаан гарахгүй гэж үзэж байна” гэсэн байна.
МАН-ын XXXI Их хурлыг 11 дүгээр сарын 15, 16-нд зохион байгуулахаар товлосон бөгөөд 2255 гишүүн оролцох төлөвтэй байгаа ажээ.