“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаагаар 2.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-28 16:06:40

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногт зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаа өнөөдөр өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа.


Энэ жилийн үзэсгэлэнд 21 аймгийн 200 гаруй тариаланч, хоршоологч болон 300 гаруй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч оролцжээ. Улмаар 2.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн гэх урьдчилсан мэдээ гарчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 0.4 тэрбумаар илүү байгаа юм.


Хаалтын үеэр ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Эх орны хөрсөнд ургасан эрүүл, баталгаатай, шинэхэн ногоо, дотоодын хүнсний үйлдвэрүүдийн мах, сүү, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид бүсчилсэн зохион байгуулалттай оролцлоо. 20 дахь жилдээ болсон буй энэхүү үзэсгэлэн хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, чанартай, шинэ бүтээгдэхүүнтэй танилцах хүсэн хүлээдэг намрын баяр болжээ. Харин үйлдвэрлэгчид эрүүл чанартай хүнсээр хүн ардаа хангах, нутаг орныхоо бүтээлч, хөдөлмөрч иргэдийг сурталчлан таниулах, харилцан туршлага солилцож хамтын ажиллагаагаа хөгжүүлдэг  уулзалтын талбар нэгэнт болжээ” хэмээн тодотголоо.


Үзэсгэлэн худалдааны үеэр газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, бүсийн шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулав. Шилдгүүдийг танилцуулъя.

Газар тариалангийн салбарын шилдгээр:

“Шилдэг сум”: Сэлэнгэ аймгийн Мандал сум

“Шилдэг өрхийн тариаланч”: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн О.Цогзолмаа

“Шилдэг аж ахуйн нэгж”: “Цогт-Ану” компани

“Шилдэг холбоо”: Ховд аймгийн “Баян арвижих ногоочдын холбоо”

“Шилдэг ногоочин”: Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Б.Жаргал

“Шинэ технологи нэвтрүүлэгч”: Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Г.Дашням


Хүнсний үйлдвэрлэлийн салбарын шилдгээр:

“Шилдэг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”: “Төгс уураг”

“Шилдэг органик хүнс үйлдвэрлэгч”: “Үлэмж Органик”

“Экспортын шилдэг хүнс үйлдвэрлэгч”: “Витафит инвест”

“Онцлох шимт хүнс үйлдвэрлэгч”: “Хос ивээл”

“Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”: “Хүнс комплекс”

“Хүүхдэд зориулсан шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”:  “Монфрэш”


Хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын шилдгээр:

“Шинэ бүтээгдэхүүн-инновац хөгжүүлэгч”: “Дархан нэхий”

“Экспортод чиглэсэн шилдэг бүтээгдэхүүн”: “Таймлесс”

“Тогтвортой үйлдвэрлэл эрхлэгч”: “Янмал”

“Эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”: “Одь Тан”

“Шилдэг үйлдвэрлэгч хоршоо”: “Ээлтэй баялаг” дундын хоршо,

“Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяны шилдэг оролцогчоор “Бат эм”

“Шилдэг үйлдвэрлэгч хоршоо”: “Арбэл булаг”


Бүсийн шилдэг аж ахуйн нэгжээр: 

Хангайн бүс: “Хужирт цагаан”

Баруун бүс: “АБМЭ”

Хойд бүс: “Нүнжиг хангайн жимс”

Төвийн бүс: “Хараагийн баян үрс” хоршоо

Зүүн бүс: “М Агро”

Говийн бүс: “Тэвшийн хажуу ус хоршоо”

Улаанбаатарын бүс: “Жожилдаян” компани тус тус шалгарсан байна. 

















Связанные новости