ТӨВ: Нэгдсэн эмнэлгийн их засварын ажил 60 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн А байрны барилгын их засварын ажил 60 хувьтай, Б байрны барилгын их засвар 70 хувьтай үргэлжилж байна.
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Ууганбаяр, "2025 онд орон нутгийн төсвөөс 287 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар А байрны их засварын ажлыг "Интерренессанс" ХХК гүйцэтгэж байна. Харин 140 сая төгрөгийн гүйцэтгэлийн санхүүжилтээр Б байрны их засварын ажлыг "Сан бит" ХХК гүйцэтгэж байна. 10 дугаар сард ашиглалтад гүйцээж оруулах төлөвлөгөөтэй байна. Энэхүү засварыг хийснээр үйлчлүүлж буй иргэд тав тухтай орчинд үйлчлүүлэх ба ажилтнуудын ажиллах орчин сайжрах юм. Мөн засварын ажлаар өвчтөн түшиж алхах хананы бариул, тэргэнцэртэй иргэн болон яаралтай тусламж хэрэгтэй иргэдийг зөөвөрлөх цахилгаан шат зэргийг суурилуулах төлөвлөгөөтэй байна" гэв.
Төв аймгийн нэгдсэн эмнэлэг нь 5 алба, 13 тасаг нэгжтэйгээр
үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 324 эмч, эмнэлгийн мэргэжилтэн,
ажилтантай. Үүнээс их эмч 77, сувилагч, тусгай мэргэжилтэн 141, асрагч,
үйлчлэгч болон бусад 106 ажилтан ажиллаж байна.