Монголын Стартап E-Geree.mn “Makers in China” тэмцээний шилдэг гуравт багтлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хятадын Ханжоу хотод Монгол, Казахстан, Узбекистан, Туркменистан, Тажикстан, ОХУ зэрэг бүс нутгийн шилдэг стартапууд оролцсон “Makers in China” тэмцээн болжээ.
Тус тэмцээнд цахим баримт бичгийн E-Geree.mn системийн баг Монгол Улсаас оролцож, “Шилдэг 3 төсөл”-ийн нэгээр шалгарч цомын эзэн болсон байна. Ингэснээр 12 дугаар сард БНХАУ-д эхлэх финалын шатанд өрсөлдөх эрхээ авчээ. Тэд дараагийн шатандаа ялалт байгуулбал Хятадын зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ албан ёсоор нэвтрүүлэх боломж бүрдэх аж.
Ташрамд дурдахад, E-Geree.mn системийг Монгол Улсын Засгийн
газрын 2023 оны 224 дүгээр тогтоолоор баталсан “Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журам”-ын
хүрээнд 2025 оны “Инновацын шилдэг төсөл”-өөр шалгарсан байв. Энэхүү амжилт нь Монголын стартапууд
инновац, технологийн шийдлээрээ бүс нутгийн хэмжээнд өндөр үнэлэгдэж байгаагийн
илрэл бөгөөд үндэсний стартап экосистемийн хөгжлийн бас нэгэн чухал алхам юм.