АНУ-ын засгийн газрын санхүүжилтийн асуудлаар тохиролцоонд хүрсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-09-30 10:16:16

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 30 /TASS/. Конгресс дахь Ардчилсан нам ба Бүгд найрамдах намын төлөөлөгчид есдүгээр сарын 29-нд Ерөнхийлөгч Дональд Трампын оролцоотойгоор Цагаан ордонд уулзсаныхаа дараа Засгийн газрын үйл ажиллагаа зогсохоос (шатдаун) сэргийлэх арга хэмжээний талаар тохиролцоонд хүрээгүй гэдгээ мэдэгдэв. 


"Бид ихээхэн санал зөрөлдөөнтэй байна" гэж Конгрессын Сенатын танхим дахь Ардчилсан намын цөөнхийн бүлгийн дарга Чак Шумер (Нью-Йорк муж улсаас сонгогдсон) сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, энэ бол эрүүл мэндийн салбарт шаардагдах зардал, мөн Вашингтоны захиргаа өмнө нь цуцалсан зарим салбарын санхүүжилттэй холбоотой асуудлаарх санал зөрөлдөөн гэж тайлбарлав.


“Засгийн газрын үйл ажиллагаа зогсох эсэх нь Бүгд найрамдах намынхнаас шалтгаална. Бид ерөнхийлөгчид хэд хэдэн саналыг танилцуулсан. Одоо тэдгээрийг Бүгд найрамдах намын удирдагчид хэлэлцэх шаардлагатай. Харин эцсийн шийдвэрийг тэр гаргана” гэж Ч.Шумер Трампын тухайд ярихдаа хэлжээ. “Хэрэв тэрбээр бидний хүссэн зарим зүйлийг зөвшөөрвөл шатдаунаас зайлсхийх боломжтой. Гэхдээ бидний хооронд одоо ч ихээхэн санал зөрөлдөөнтэй хэвээр байна” хэмээн Ч.Шумер онцолсон байна. Үүнтэй ижил мэдэгдлийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан цөөнхийн бүлгийн дарга Хаким Жеффрис мөн хийжээ.


Харин Төлөөлөгчдийн танхимын дарга, Бүгд найрамдах намын гишүүн Майк Жонсон (Луизиана муж улсаас сонгогдсон) хэлэхдээ, бид Ардчилсан намын саналыг бүрэн хүлээж авах бодолгүй байгаа гэж цохон тэмдэглэсэн байна. "Хэрэв Ардчилсан намынхан Засгийн газрын үйл ажиллагааг зогсоохоор шийдсэн бол тэд хариуцлагыг хүлээх болно. Энэ бол үнэхээр эмгэнэлтэй явдал гэж бодож байна" гэж тэрбээр нэмж хэлжээ.


АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс уулзалтын дараа мэдэгдэхдээ “Ардчилсан намынхан зөв зүйл хийхийг хүсэхгүй байгаа учраас бид шатдаун руу явж байна гэж бодож байна. Тэд бодлоо өөрчилнө гэж найдаж байна, гэхдээ бид харна" гэж хэлсэн байна. Үүний сацуу Вэнс Ардчилсан намын зарим саналыг үндэслэлтэй гэж үзэж байгаагаа хүлээн зөвшөөрчээ. Түүнчлэн тэрбээр Засгийн газрын санхүүжилт түр зогссон ч засаг захиргаа гол үйл ажиллагааг хэвийн явуулна гэдгийг батлан хэлсэн байна. 


Конгресс дахь Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын төлөөлөгчид 10 дугаар сарын 1-ний дотор санхүүжилтийг үргэлжлүүлэх тухай хуулийн төслийн талаар тохиролцоонд хүрэхгүй бол Засгийн газрын үйл ажиллагаа зогсож болзошгүй гэж Д.Трамп өмнө нь мэдэгдэж байв. Сенатын танхим есдүгээр сарын 19-нд Засгийн газрын санхүүжилтийг үргэлжлүүлэх тухай хоёр хуулийн төслийг хүлээж аваагүй байна. 


Засгийн газрын үйл ажиллагааг энэ оны санхүүгийн жилийн төгсгөл болох есдүгээр сарын 30-ныг хүртэл түр санхүүжүүлэх тухай хуульд Д.Трамп гуравдугаар сард гарын үсэг зурсан юм. Уг хуульд гарын үсэг зурснаар гуравдугаар сарын 15-нд болох байсан шатдаунаас зайлсхийж, зарим төрийн байгууллага, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа зогсох, хэдэн зуун мянган төрийн албан хаагч цалингүй амралт авахаас сэргийлж чаджээ.


1977 оноос хойш АНУ-ын засаг захиргаа, Конгресс хоорондын санал зөрөлдөөний улмаас Засгийн газрын үйл ажиллагаа 20 гаруй удаа зогсож байжээ. Хамгийн урт шатдаун 35 хоног үргэлжилсэн бөгөөд Д.Трампын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний хугацаанд 2018 оны 12 дугаар сарын 22-ноос 2019 оны нэгдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжилжээ.


Связанные новости