Нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагын давсан орлогыг мега төслүүдэд зарцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудын давсан орлогыг цаашид мега төслүүдэд зарцуулна.
Эдгээр байгууллага 2026-2027 онд зардлаа багасгаж, үр дүнд суурилсан менежмент хэрэгжүүлэх хэрэгтэйг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ тэмдэглэжээ.
Тэрбээр “Нийслэлийн өмчит компани, аж ахуйн
тооцоот байгууллагуудаас 2023 онд Хөрөнгө оруулалтын газар, Орон
сууцны корпорац гэх цөөн байгууллага
ашигтай ажилласан бол одоогоор 90 орчим хувь нь
ашигтай ажиллаж эхэлсэн. Нийтийн тээврийн парк шинэчилснээр зорчигч нэмэгдэж, 70 гаруй тэрбум
төгрөгийн ашигтай ажиллалаа. Ирэх
онд 100 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах боломжтой” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.
Төв цэнгэлдэх хүрээлэн энэ онд 3.5 тэрбум төгрөгийн ашигтай
ажиллахын зэрэгцээ “Намрын ногоон өдрүүд”-ийг үнэ төлбөргүй зохион байгууллаа.
Түүнчлэн, замын
сангийн хөрөнгөөр нийслэлд
250 км гаруй авто замыг шинэчилжээ. Ирэх оноос хоёрдугаар
түвшний авто зам болох Туулын болон Тойрог
хурдны замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх юм.