Ц.Цолмонбаатар: Нэн тэргүүнд сургуулийн орчны эрсдэлийн үнэлгээнд анхаарч ажиллах нь чухал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-04 16:40:11

Булган, 2025 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хүүхдэд цогц хөгжлийг олгож хүсэл сонирхлоор нь дамжуулан оролцоог нэмэгдүүлж, харилцаа хандлагад сургахыг чухалчлан зорьж буй Булган аймгийн Боловсролын газрын дарга Ц.Цолмонбаатартай ярилцлаа.

 

-Танд дэлхийн багш нарын баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Эрдмийн их гэрлийг түгээгч эрхэм багш нартаа Дэлхийн багш нарын 31 дэх, Монголын багш нарын 59 дэх өдрийн баярын мэнд хүргэе.


жлаа аваад хэдэн сар болж байна вэ?

-Шинэ ажлын байранд ирээд ерөнхийдөө хагас жил болж байна. Хамгийн эхлээд Булган аймгийнхаа сургууль, цэцэрлэгүүдтэй танилцах зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа. Яг газар дээрээ юу шаардлагатай байгааг харахын тулд эхний 3 сар 16 сум, 1 тосгоны бүх СӨБ болон сургуулиудад ажиллаад ирсэн.


-Боловсролын байгууллагад хэдэн жил ажилласан бэ?

17 жил ажиллаж байна.


-Хаанаас ажлын гараагаа эхэлсэн бэ?

-Хялганат тосгоноос ажлын гараагаа эхэлж, 5 жил багшлаад захирлаар 11 жил ажилласан. Тэгээд Булган аймгийн Боловсролын газрын даргаар томилогдон ирсэн.


-Боловсролын байгууллагад анхан шатнаас нь шат дараатай ажиллаж ирсэн туршлагатай хүн,  сумдаа тойроход боловсролын байгууллагын орчин нөхцөл хэр байна вэ?

-Өнөөдрийн байдлаар Булган аймагт боловсролын байгууллагад нэн тэргүүнд сургуулийн орчны эрсдэлийн үнэлгээн дээр ажиллах нь чухал байна.

Гэхдээ масс сургалт, сургалтын чанар дээр анхааралгүй яах вэ. Нэн тулгамдсан асуудал маань хүүхэд хөгжлийн цогц үйлчилгээ хоцрогдсон байна. Хүүхэд хөгжлийн өрөөг сургууль бүрд шаардлага хангахуйц түвшинд тохижуулах хэрэгтэй байгаа

Энэ хичээлийн жилээс бид биеийн тамир, дуу хөгжим, технологийн хичээлүүдэд анхаарч ажиллана. Хүүхдийнхээ бие бялдар, хувь хүн болох тал дээр анхааралгүй сүүлийн жилүүдэд сургалт гэж явсаар байгаад хүнийхээ хөгжлийн талыг орхигдуулсан байна гэж үзээд энэ чиглэлийг илүү баримтлан ажиллахаар болсон.

Хүүхэд өөрийн дуртай зүйлээ хийх, зураг зурах дуртай, мужааны ажилд дуртай, спортоор хичээллэх, дуулах дуртай хүүхэд түүндээ оролцож урамшиж байж тэр оролцоогоороо дамжуулаад бусад хичээлийн оролцоо нэмэгддэг. Хэтэрхий ерөнхий эрдмийн хичээлээр шахаад ирэхээр хүүхэд хичээлд оролцоогүй байх, бүх зүйлд дургүй болох, идэвх оролцоо муудаад ирдэг. Дуртай зүйл дээр нь тулгуурлаад түүн дээр нь дэмжлэг үзүүлээд эхэлбэл бусад нийгмийн оролцоо нэмэгддэг талтай.


-Булган аймагт одоогоор хэдэн сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 1-р ангид хэдэн хүүхэд элсэн орсон бэ?

-Булган аймагт 22 цэцэрлэг, 22 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Нэгдүгээр ангид 1013 хүүхэд элсэн орлоо. Мөн манай аймагт 3 багийн сургууль, заставын цэцэрлэгүүд ажилладаг. Хантай багийн сургууль, Уньт багийн сургууль, Атар багийн сургуулиуд ажиллаж, мөн заставын 4 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Тэшиг сумын заставын 4 цэцэрлэг 60 гаруй хүүхэдтэй, бид багийн сургуулиудыг илүү анхаарч тэдэнд боловсролын үйлчилгээ үзүүлж байна.


-Манай аймагт ажиллаж буй багийн сургуулийн нөхцөл ямар байна вэ, боловсролын жишигт нийцэж байгаа юу?

-Гурван багийн сургууль Сэлэнгэ сумын Атар багийн сургууль дээр 1 багш сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Хичээлийн анги танхим, сургалтын чанарын хувьд ижил түвшинд явагдаж байгаа, харин багш нь ачаалалтай ажилладаг. Мөн л биеийн тамир, дуу хөгжмийн хичээл тэнд орохгүй байгаа. Хантай баг Уньт багийн хувьд сургалт бол хэвийн явагдаж байна. Дотуур байрны үйлчилгээ үзүүлж байна. Танхимын хувьд Хантай багийн сургууль засвар үйлчилгээ хийх шаардлагатай байгаа. Нийт энэ 3 баг дээр 100 орчим хүүхэд бага боловсролыг эзэмшиж байна. 


-Багийн сургууль, цэцэрлэг хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Атар багийн сургууль 40 гаруй жил болж байгаа, ер нь үйл ажиллагаа нь тогтворжсон .


-Тус аймагт хаана хаана багийн цэцэрлэг, сургууль байгуулах шаардлага байгаа вэ?

-Манай аймгийн хувьд Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сум багууд нь хол байрладаг. Энэ 3 суманд л анхаарах шаардлагатай.


-Зуны гэр цэцэрлэгийг аймгийн хэмжээнд хэр ажиллуулдаг вэ, бүтэн дүүргэлттэй ажиллаж чаддаг уу хэр үр дүнтэй вэ?

-Гэр цэцэрлэгт хүүхдүүд маш сайн хамрагддаг юм байна лээ. Хамгийн ойрын жишээ Бугат суманд очоод үзэхэд орчин нөхцөл нь их боломжийн өөрсдөө тохирсон жижиг байшин барьсан, тэндээ боловсролын үйлчилгээ явуулах боломжтой. Малчин өрхүүд өглөө эрт хүүхдүүдээ хүргээд өгчихдөг, орой ирээд авчихдаг юм билээ. Энэ нь малчдын нийгмийн асуудалд их үр дүнтэй ажил болдог. Хүүхдүүд маань зуны 3 сар их зүйл сурдаг.


-Булган аймагт нийт хэчнээн багш ажиллаж байна, боловсон хүчний дутагдал хэр байгаа вэ?

-Ерөнхий боловсролын сургуульд 675 багш, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 178 багш ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 52 багш дутагдалтай байна. Хими, физик зэрэг байгалийн ухааны багш нар ихэвчлэн дутагдалтай байгаа.


-Бүс нутгаар нь авч үзвэл илүү дутагдалтай ямар сумд байна. Эсвэл сургууль бүрд адил тархалттай байна уу?

-Ер нь алслагдмал сумын багш нарын шилжилт хөдөлгөөн бага байдаг. Эрдэнэт хотын ойролцоо байгаа сумд,  аймгийн төвтэй ойролцоо сумдын багш нарын шилжилт хөдөлгөөн их байдаг.


-Чадварлаг боловсон хүчнийг авчирч тогтвор суурьшилтай ажиллуулахад хэр анхаарч байна. Аймгаас ямар бодлого барьж байгаа вэ?

-Аймгаас барьж буй бодлого бол төрийн албан хаагчдын орон сууцыг сумдад барьж байна. Зарим сумын  сургуулиуд өөрсдөө дэргэдээ жижиг хэрнээ тохилог байшин барьсан байгаа. Залуу багш нарыг төгсөөд очиход нь дотуур байрандаа байлгах зэрэг олон эерэг аргуудыг хэрэглэж байгаа юм.


-Чадварлаг боловсон хүчнийг тогтоож ажиллуулах нь хүүхдийн сургалтын чанарт хэрхэн нөлөөлөх вэ?

-Боловсролын чанарын үр дүн үнэмлэхүй өндөр болдог. Ер нь одоо сургууль багшаа сонгон шалгаруулж авах бус багш сургуулиа сонгоод ирдэг. Ийм үед нь сумдын газрын даамлууд газрын асуудлыг түргэн шуурхай шийдэж өгдөг байгаасай гэж боддог.


-Сум хөгжүүлэх сангаас боловсролд хэрхэн зарцуулдаг вэ?

-Багш нарын нийгмийн баталгааг хангах, тогтвор сууршилтай ажиллахад жигдхэн зориулаагүй байна. Сангийн журам, дүрэмд нь нийцдэггүй юм билээ. Харин хүүхдүүдийн уралдаан тэмцээн, дотуур байр, анги танхимд тодорхой хэмжээгээр зориулж байгаа.


-Булган аймагт цэцэрлэгийн хүртээмж хэр байгаа вэ, хамран сургах тойргийн цэцэрлэгтээ хүүхэд бүр хамрагдаж чадаж байгаа юу?

-Цэцэрлэг хүрэлцэхгүй гэсэн нөхцөл байхгүй. Энэ жилийн хувьд боловсролын яам АТГ хамтраад хамруулан сургах тойрогт нь сурга гэсэн чиглэл өгсөн. Тойрогтоо сурч чадахгүй байх нөхцөлд хөндлөнгөөс нөлөөлөх асуудлыг таслан зогсоох хэрэгтэй


-Багш бүр дугуйлан хичээллүүлэхэд хүндрэл байна уу, цалин урамшуулал авдаг уу?

-Багш нар маань ажлын 40 цагтай, үндсэн 19 цаг, үлдсэн 21 цаг нь илүү цаг болон хичээлээс гадуурх хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаанд зориулдаг, тэр хүрээндээ багтаагаад хийж байна.


-Сумд нийгмийн ажилтантай болсноор хүүхдийн нийгмийн асуудал цэгцэрч байна уу?

-Сум бүрд нийгмийн ажилтантай болсон нь маш өгөөжтэй давуу тал болж байгаа.


-Булган аймаг сургалтын чанараараа улсад хэддүгээрт явдаг вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтыг 650 орчим хүүхэд өгсөн. Одоогоор 16-р байранд яваа, цаашид улам урагшилна. 800 оноог тус аймгаас 1 хүүхэд авсан. Аймгийн засаг даргын тэтгэлэгт олон сурагч хамрагдаж байгаа.


-Амьдрах ухааны хичээлүүдийн багшийн хүртээмж хэр байна. Зориулалтын техник хэрэгсэл багаж танхим сургууль бүрд байгаа юу?

-Мэргэжлийн багш хангалттай байгаа  Боловсролын яаманд 10 танхимын хүсэлт өгчихөөд байна. Одоогоор Булганд дуу хөгжим, зураг технологийн хичээлийг үнэхээр орхигдуулсан хэдий ч удахгүй жигдрээд ирэх цаг ойрхон гэж итгэж байгаа.


Өнөөгийн боловсролын систем, ирээдүйн хүүхдийн хөгжлийн талаар илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Сурган хүмүүжүүлэх гэгээн үйлсэд  тань амжилтын дээдийг хүсэн ерөөе



Связанные новости