Төмс, хүнсний ногооны зоорь, агуулахын багтаамжийг 2800 тонноор нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-06 11:46:31

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд одоогоор төмс, хүнсний ногоо хадгалах зориулалттай 305 мянган тонн хүчин чадал бүхий 5989 зоорь ашиглаж байна.


Гэсэн ч хүн амын хүнсний ногоо, төмсний хэрэглээ, хураан авч буй ургацын хэмжээтэй харьцуулахад нэмээд 170 мянган тонн багтаамжтай зоорь, агуулах шаардлагатай байгааг ХХААХҮЯ мэдээллээ. 


Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай УИХ-ын тогтоолын хүрээнд 2023-2024 онд 33 мянган тонн багтаамжтай агуулах, зоорийн хүчин чадлыг нэмсэн билээ. Харин энэ оны улсын төсөвт 13.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгасан бөгөөд Сэлэнгэ аймгийн Орхон, Мандал, Баянгол, Шаамар, Хушаат, Жавхлант, Зүүнбүрэн суманд нэг загвар, нэг төсвөөр төмс, хүнсний ногооны 200, 500 тонн багтаамжтай агуулахын барилга барьж байна. Эдгээр агуулахыг ашиглалтад оруулснаар 2800 тонн багтаамжтай, жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой механикжсан хөргүүртэй хадгалах орчин шинээр бүрдэх юм. Ингэснээр дээрх сумын ногоочид ургацаа улирал харгалзахгүй хадгалж, борлуулахаас гадна хүнсний ногооны хадгалалт, ангилалт, савлалт, нэмүү өртөг шингээх үйл ажиллагаанд дэвшил гарах боломжтой болох юм.

Связанные новости