Шинэ санаачилгуудыг хөгжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-07 17:00:08

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улс CAREC (Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа хөтөлбөр-КАРЕК)-т 2003 онд нэгдсэнээр тээвэр, худалдаа, эрчим хүч, хил дамнасан хамтын ажиллагааны салбарт олон улсын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.


Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээлснээр, өнгөрсөн онд гэхэд манай улсад КАРЕК хөтөлбөрийн хүрээнд 19 төсөлд 1.4 тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулжээ. Үүнээс 978 сая ам.долларыг (66 хувь) нь тээврийн салбарын 12 төсөлд зарцуулсны 9 нь Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй байв. Үүнд баруун бүсийн авто замын, хил нэвтрэх цэгүүдийн шинэчлэл, эмнэлгийн үйлчилгээ сайжруулах, зам засварын төсөл багтаж байгаа. КАРЕК-ийн хөрөнгө оруулалт нь Монголын дэд бүтэц, худалдаа, ногоон хөгжил, бүс нутгийн интеграцчлалд багагүй хувь нэмэр оруулдаг. 


Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөл КАРЕК-ийг Монгол Улс 2026 онд ахлахтай холбогдуулан Азийн хөгжлийн банкны КАРЕК хөтөлбөрийн дарга хатагтай Лязиза Сабирова, албаны хүмүүсийг хүлээн авч уулзан, тус хөтөлбөрийн 2026 оны тэргүүлэх чиглэл, санаачилга, сайд нарын бага хурлын сэдэв, хөтөлбөр, хэрэгжүүлэх боломжит шинэ санаачлагын тухай санал солилцов.

Хөтөлбөрийн хүрээнд Төв Азийн бүс нутгийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хэлэлцээрт нэгдэх, бүс нутгийн чухал ашигт малтмалын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, Монгол Улсын оролцоог нэмэх, КАРЕК бүс нутгийн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хил дамнасан худалдааг хөнгөвчлөх бүс нутгийн дижитал коридорт нэгдэх санаачлагыг хэлэлцсэн. Эдгээр нь бүс нутгийн эдийн засгийн интеграц, тогтвортой хөгжил, хувийн хэвшлийн оролцоог нэмэхэд чиглэж байгаа юм. 


Мөн Монгол Улс Азийн авто замын сүлжэний II буюу Европ руу чиглэсэн коридорт нэгдэхийг идэвхжүүлэх, ус-эрчим хүчний уялдаа холбоо, дижитал хөгжлийн бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох сонирхлоо илэрхийлжээ.


КАРЕК-ийн 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улс 2026 онд болох Сайд нарын бага хурлыг даргалах хүрээнд бүс нутгийн шинэ санаачилгыг баталгаажуулах, дээд түвшний оролцоог хангахаар гурван үе шаттай төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр тохиролцлоо. 


Манай улс КАРЕК хөтөлбөрт 20 гаруй жил идэвхтэй гишүүнээр ажилласан бөгөөд энэ удаагийн уулзалт нь бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болжээ.

Связанные новости