ДОРНОД: Аймгийн хэмжээнд 13 мянга гаруй ахмад угийн бичиг хөтөлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд угийн бичиг хөтөлдөг 7937 өрх буюу 13 мянга гаруй ахмад бий. Харин 188 омог ургийн баяраа тэмдэглэж, 177 нь ургийн баярын номоо хэвлүүлсэн тухай сонирхолтой мэдээллийг аймгийн Ахмадын холбооноос өгч байна.
Өнөөдөр 13 сумын Ахмадын хороо, Хэрлэн сумын Ахмадын зөвлөл хамтран “Угийн бичигтэн” үзэсгэлэнг дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэнг сум, овог, айл, залуу үе гэсэн үе шаттайгаар дэлгэж, угийн бичгийн баялаг уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулахыг зорьсноо зохион байгуулагчид ярьж байв.
Дорнод аймгийн ахмадууд 2010 оноос “Угийн бичгээ хөтөлцгөөе” уриан дор нэгдэж, ахмадын байгууллагын идэвхтэн сонгуультнууд, судлаачид, эрдэмтэн, докторууд идэвхийлэн оролцож, сургалт зохион байгуулах, туршлага түгээн дэлгэрүүлэх ажлыг өргөн хүрээнд хийж ирсэн юм.