СҮХБААТАР: Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-10-10 11:36:04

Баруун-Урт 2025, аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн тэргүүтэй төлөөлөгчид Сүхбаатар аймагт ажиллаж байна. 


Аймгийн Засаг дарга М.Идэрбат, Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 76 жил, БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 76 жилийн ойн мэндийг хүргэн зочдыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, уулзлаа.

Сүхбаатар аймаг БНХАУ-тай олон жилийн найрсаг харилцаатай. Энэхүү харилцаа нь бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх суурь болж, Сүхбаатар аймаг, БНХАУ-ын хил залгаа бүс нутгийн харилцаанд шинэ боломж нээж байгааг албан уулзалтын эхэнд онцлов. 

Мөн БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар нь байгуулагдсанаасаа хойш консулын тойргийн таван аймагтай хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж зэрэг  салбарт олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийллээ. 


Цаашид Ерөнхий консулын газар болон Хятад улсын муж, хотуудтай хамтран ажиллахдаа:

1. Боловсролын салбар: Оюутан сурагчдад зориулсан сургалтын тэтгэлгийг үргэлжлүүлэх, багш, төрийн албан хаагчдыг туршлага судлуулах, богино урт хугацааны сургалтад хамруулах. Сүхбаатар аймаг Ляонин мужийн хамтын ажиллагааны хүрээнд “Шэньян мэргэжлийн технологийн коллеж”-д 4 оюутан суралцаж байгаа цаашдаа бидэнд илүү өргөн боломж байгаа гэж үзэж байна. 

2. Хөдөө аж ахуйн худалдаа: Бичигтийн боомтоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, байгалийн хадлан, тэжээл экспортлох, нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллах 

3. Зүүн хатавч, Бичигт боомтоор 8-аас дээш суудалтай хүн тээврийн болон ачааны машиныг гаргах талаар судлан дэмжлэг үзүүлэх

4. Байгаль орчин, ногоон хөгжил: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, Сүхбаатар аймагт ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах

5. Аялал жуулчлал, соёл: Монгол -Хятадын хил дамнасан бүс нутгийн аялал жуулчлалын форум, худалдаа, хүнс, хөдөө аж ахуйн үзэсгэлэн, яармагийг хамтран зохион байгуулах зэрэг саналыг уламжиллаа.


Эдгээр хамтын ажиллагаа нь бүс нутгийн ард иргэдийн ойлголцол, найрамдлыг гүнзгийрүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Связанные новости