СҮХБААТАР: Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-11-10 16:47:51

Баруун-Урт, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/.  Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг улсын хэмжээнд есдүгээр сард эхлүүлсэн. 11 дүгээр сарын 8-нд Сүхбаатар аймагт эхэлсэн тус үзлэг гурав дахь өдрөө үргэлжилж байна.

 

ХЗДХ-ийн сайд, улсын үзлэгийн төв комиссын даргын баталсан хуваарийн дагуу Сүхбаатар аймагт 11 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд Архивын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Туулаар ахлуулсан баг ажиллаж сонгогдсон байгууллагыг архивын үйл ажиллагааг 104 албан хэрэг хөтлөлтийг 115 нарийвчилсан шалгуур үзүүлэлтээр үзэж шалгах юм.

 

Аймаг бүрд харилцан адилгүй давуу тал болон алдаа дутагдлууд ажиглагдаж байна. Сүхбаатар аймгийн хувьд бэлтгэл ажлыг сайн хангасан байна гэж үзэж болох ч ажлаа бүрэн дуусгаж, бодитоор үзэж харсныхаа дараа үнэлгээ өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга зүйн зөвлөгөөг өгнө гэдгийг багийн ахлагч Б.Туул ярилаа.

 


Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг 2025 оны III, IV улиралд улс орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэж, 11 ажлын баг орон нутгуудад ажиллаж байна.

 

Төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшнийг үнэлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлох зорилгоор улсын үзлэгийг 4 жил тутамд зохион байгуулдаг бөгөөд өмнө нь 2019 онд улсын хэмжээнд уг үзлэг зохион байгуулж байсан юм.


 

Связанные новости