СҮХБААТАР: “Эхлэл кап” 20 дахь удаагийн нээлттэй тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-11-10 16:26:06

Баруун-Урт, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Олон улсын таеквондогийн "Эхлэл кап-2025" олон хотын 20 дахь удаагийн нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар аймагт боллоо.  


Тэмцээнд 6 клубийн 120 гаруй тамирчин оролцсон бөгөөд Дорнод аймаг, Улаанбаатар хотоос тамирчид зорин иржээ.

 


2004 онд "Эхлэл" тулааны урлагийн клуб үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө 20 жил болжээ. Энэ хугацаанд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ улс, тив, дэлхийн олон шилдэг тамирчныг бэлтгэн гаргажээ. "Эхлэл кап" тэмцээн нь энэ клубийн нэр, амжилт цаашлаад таеквондогийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй томоохон тэмцээн болжээ.

 

"Эхлэл" клубийг үүсэн байгуулагчдын нэг, дасгалжуулагч Н.Нэргүй таван жилийн дараа төрөлх нутагтаа ажиллахаар ирээд байгаа юм. Тэрээр олон улсын таеквондогоос гадна олимпын таеквондогийн төрлөөр сургалт явуулахаар шавь нараа аваад эхэлжээ.



Таван жилийн хугацаанд бусдаас суралцаж, өөрийгөө илүү хөгжүүлэхэд анхаарлаа. Энэ хугацаандаа Г.Болор-Эрдэнэ шавьтайгаа тогтмол бэлтгэл сургуулилалтаа хийж байсан. Ингээд таеквондогийн спортоор Паралимпын төрөлд Монгол Улсын анхны медалийг "Эхлэл" клубийн анхны тамирчдын нэг, МУГТ Г.Болор-Эрдэнэ маань хүртсэн нь олон хүнд урам өгч, энэ спортоор хичээллэх тамирчдын тоо ч эрс нэмэгдсэн. Тиймээс би нутагтаа эргэн ирсэн. Учир нь орон нутгийнхаа хүмүүсийн бие бялдрын хөгжил, онцлог гээд бүгдийг маш сайн мэдэх учир үүндээ тулгуурлаад хүүхдүүдийг багаас нь энэ спортоор бэлтгэе. Ингэхдээ мэдээж дараа дараагийн тив дэлхий, олимпын медальтныг бэлтгэхийг зорьсон гэдгээ тэрбээр хэллээ.  

Связанные новости