ЗАВХАН: "Мөнхөд гэрэлтэх диваажин" бүжгэн жүжгийг тайзнаа толилуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-10 16:08:35

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр Дилав хутагт Б.Жамсранжавын 140 жилийн ойд зориулан "Мөнхөд гэрэлтэх диваажин" бүжгэн жүжгийг тайзнаа тавина.

XX зууны Монгол төрийн зүтгэлтэн, бурхан шашны томоохон төлөөлөгч Дилав хутагт Б.Жамсранжавын амьдрал, түүхэн замналын тухай өгүүлэх бүжгэн жүжгийг Ч.Алтантүлхүүрийн зохиолоор энэ сарын 29-ний өдөр Хөгжимт жүжгийн театрын тайзнаа нээх юм.


Тус жүжгийг Топ нобле тур ХХК, Дилав хутагт сан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театр  хамтран  бүтээж байна.
...Эрхээрээ нөмөр хийж
Элбэрэл мааниар нөхөр хийж
Элэг эмтрэм он жилүүдийг туулахдаа
Эх орноо би хором ч мартаагүй… хэмээх, "Мөнхөд гэрэлтэх диваажин" бүжгэн жүжгээс эрхэм хүмүүний амьдрал, билиг оюун, зүрх сэтгэлээ Монгол Улсынхаа төлөө зориулсан түүхийг үзэх боломжтой.


Жүжгийн ерөнхий продюсероор "Топ Нобле тур" ХХК-ийн ерөнхий захирал С.Өлзийхишиг, зөвлөхөөр Дилав хутагт Данзанламэд, гүйцэтгэх продюсероор Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга, МУСТА Г.Солонго нар ажиллаж байна.

Жүжгийн найруулагч, бүжиг дэглээчээр урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар, хөгжмийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг, зураачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Ганхуяг, соёлын тэргүүний ажилтан Т.Аянга, туслах найруулагчаар соёлын тэргүүний ажилтан А.Отгон нар ажиллажээ.


"Мөнхөд гэрэлтэх диваажин" бүжгэн жүжгийн гол дүр, Дилав хутагтад соёлын тэргүүний ажилтан бүжигчин М.Дэлгэрсайхан, хүүхдүүдэд Б.Пүрэвдорж, Д.Минжинсор, С.Энхбаяр, Дилав хутагтын аавд  соёлын тэргүүний ажилтан бүжигчин Д.Ганбаатар, Дилав хутагтын ээжид соёлын тэргүүний ажилтан бүжигчин А.Отгон, Чанкайшид соёлын тэргүүний ажилтан жүжигчин С.Нямжав, Латтимор Оуэнд соёлын тэргүүний ажилтан жүжигчин А.Цэрэнбалжир нарын 60-аад жүжигчин,  бүжигчин, туслах, арын албаныхан оролцож байна.


Жүжгийг Улиастайд нээж, энэ сарын 30.31-ний өдрүүдэд 19.00 цагаас Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт, 11-р сарын 22-нд Улаанбаатар хотын үзэгчдэд зориулан тавих юм хэмээн Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театраас мэдээлэв.

"Мөнхөд гэрэлтэх диваажин" бүжгэн жүжгийн тайпографикийг О.Одонболд бүтээжээ.
…Наран шаргал их судраа
Хутагт хүмүүн  эргүүлэхэд
Намиа цагаан бороог нь 
Нутаг минь уярч сонсоно…, Отгонтэнгэр хайрханыг тойрон 13 хутагт хувилгаад төржээ.

Монгол улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө амьдралаа бүрэн зориулсан Дилов хутагт Б.Жамсранжавын хөрөг, Зураач: Надалдоржийн Энхтүвшин


Монголын бахархал дэлхийн хүмүүн.
Швед улсын Уппсалагийн их сургуулийн номын сангаас 1913 болон 1938 онд Өмнөд Монголоор аялсан Шведийн шашин номлогч Жоэл Эрикссоны 1400 орчим гэрэл зургийг олон нийтэд дэлгэжээ. Тэдгээр зургийн дунд Дилова хутагт Баашлуугийн Жамсранжавын энэ зураг байж...

Связанные новости