СЭЛЭНГЭ: Н.Лхагвадорж: Боловсон хүчнээ бэлтгэх бодлогын бичиг баримттай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймагт эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр гадаад, дотоодын их дээд сургуулиудад
суралцаж, эргээд орон нутагтаа ирж ажиллах болзолтой хөтөлбөр батлагдсантай
холбогдуулан аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой ярилцлаа.
-Таны санаачлан
хэрэгжүүлэхээр үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгасан ажил биелэлээ оллоо. Энэхүү
хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл өгнө үү?
-Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "Нутгийн оюутан" хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын 100 хувийн саналаар дэмжин баталж өглөө. Энэхүү хөтөлбөрийг санаачлаад энэ оны 3 дугаар сараас хойш бэлтгэх ажил нэлээд байлаа. Үүнд, мэргэжлийн байгууллагуудаас гадна манай ИТХ-ын нийгмийн бодлогын хороо хамтарч ажилласан. Энэ хөтөлбөр нь цаашид Сэлэнгэ аймгийнхаа боловсон хүчнийг бэлтгэхэд барих бодлогын бичиг баримт болж буйгаараа онцлог юм.
Бид боловсон хүчний бодлогын
бичиг баримттай болж байгаа нь Сэлэнгэ аймгийг удирдаж явах, мөн дутагдаж
байгаа нарийн мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэхэд гол тулгуур болж өгөх юм.
-Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар шаардлагатай
байгаа сул ажлын байр юу байна. Мөн цаашдын хөгжлийн гарц ямар боловсон хүчинг
түлхүү бэлтгэхээр байгаа вэ?
-Манай аймгийн хувьд нийтдээ 140 гаруй ажлын байр сул байгаа. Багш, эмч нараас гадна шинэ цахилгаан станц барьж байгаатай холбоотой дулааны, цахилгааны инженерийн асуудал гарч ирж байна. Цаашдаа бид дэд бүтцийн асуудлыг нэгдүгээрт тавих ёстой. Иймээс хүүхдүүдийг барилгын архитектор, барилгын зургийн инженер, уул уурхайн чиглэлээр сургах асуудлыг нэн түрүүнд баримтлах ёстой.
-"Нутгийн оюутан" хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх
ажлуудаасаа дурдвал?
-Хөтөлбөрийн гол
зорилгын хүрээнд "Мэргэжил бүхэн сайхан" үйл ажиллагааг шат дараатай зохион
байгуулж эхлээд байна. Тухайлбал, томоохон аж
ахуйн нэгж, төр төсвийн байгууллагуудын нарийн мэргэжлийн хүмүүстэй
хүүхдүүдийн уулзалтыг шат дараатай зохион байгуулна. Жишээ нь, эмч, төрийн захиргааны
мэргэжилтэн, багш, инженер гэх мэтээр үргэлжилнэ. Одооноос хүүхдүүдийг мэргэжилдээ дуртай болгох ажлыг манай удирдлагын багаас хийхээр төлөвлөсөн.
Гадаад, дотоодын их дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нэлээд хэдэн сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тухайлбал, БНСУ-ын Бусаны их сургуульд суралцахаар 17 оюутан явсан. Саяхан 1 хүүхэд нэмэгдээд 18 болсон. Аймгийн Засаг дарга болон удирдлага, эцэг, эхийн төлөөлөл оролцсон баг явж хүүхдүүдээ 11 дүгээр сарын 10-15-нд эргэнэ. Эцэг эхчүүд талархал илэрхийлж байна. Хүүхдийн маань сэтгэл маш өндөр байгаа шүү. Тиймээс цаашдаа олон хүүхэд явуулах хэрэгтэй гэж хүсэлт ирүүлж байгаа. Иргэдээс хүсэж байгаа асуудал нэлээд бий. Мөн Сөүлийн их сургуультай гэрээ байгуулахаар болсон. Аймгийн Засаг дарга болон удирдлагын баг газар дээр нь очиж танилцана. Хүүхдүүдийн сурах орчныг бид эхлээд өөрсдөө очиж үзэж танилцах нь маш чухал юм.
"Нутгийн оюутан" хөтөлбөрийн
хүрээнд 2020 оноос хойш Сэлэнгэ аймгийнхаа
ЕБС-ийг төгссөн хүүхдүүдийн дунд хаана, ямар ажил хийж
байгаа судалгааг гаргана. Дараа нь 2025 оноос хойш төгсөж байгаа хүүхдүүдээ
нарийн мэргэжлээр сургах ажлыг зохион байгуулна.
-Солонгос улсаас гадна өөр ямар улстай оюутан хөтөлбөрийн
хүрээнд хамтарч ажиллах вэ?
-Цаашдаа
БНХАУ-ын Хар мөрөн мужтай хамтарч ажиллана. Хөххотод архитеторын чиглэлээр
нэг хүүхэд суралцаж байна.
-Цаашид хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийхээр зорьж байна вэ?
-Өнөөдөр хүүхдүүд өөрсдөө сонгосон мэргэжлээрээ сурах гэхээр төлбөрийн чадваргүй байж болно. Мөн Улаанбаатар хотод ч юм уу гадаадад очоод байрлах байрны асуудалд дэмжлэг үзүүлэх асуудлыг шийднэ. Тухайлбал, “Болд төмөр Ерөө гол”, “Төмөртэйн орд” гэсэн томоохон компаниуд өөрсдийнхөө мэргэжлийн боловсон хүчний төлбөрийг даагаад, эргээд гэрээ хийгээд тусгай үйлдвэртээ ажиллах ажлын байртай нь хамтарч уялдах асуудал яригдаж байна.
Мөн аймгийн 2 коллежтэй БНСУ-аас хамтарч ажиллаж байна. Тухайлбал, эндээ коллежоо төгсөөд тус улсын коллежид үргэлжлүүлэн суралцах боломжийг бүрдүүлж байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд дулааны цахилгаан станц барьж байгаатай холбогдуулан олон улсын сургуулийн асуудал яригдаж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд Дархан-Уул аймгийн хэмжээний томоохон бүтээн байгуулалтыг хийх боломж бүрдэж байгаа. Иймээс олон улсын сургууль, томоохон хот суурингууд байгуулж, сургуулиудынхаа сургалтын чанарт анхаарч, цаашид хүн амаа татах асуудлыг шийдвэрлэх юм. Цаашид нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг үргэлжүүлэн дадлагажих богино хэмжээний сургалт явуулахаар Солонгосын талтай ярьж хэлэцэж байна.
-Хөтөлбөрийн үр дүнг хэрхэн харж байна?
-Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд сургуулиа төгсөж ирээд орон нутагтаа 5 жил ажиллах нөхцлөөр уг тэтгэлгийг олгоно. Ингэснээр орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, гадаад дотоодын туршлагыг нэвтрүүлэх зэрэг олон ач холбогдол бүхий томоохон үр дүнг энэ хөтөлбөрийн хэрэгжилтээс хүлээж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.