СЭЛЭНГЭ: Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг мэдээллийн сангийн бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Статистикийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын Хүн ам, орон сууцны завсрын тооллого явуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 260 дугаар тогтоолын дагуу улсын хэмжээнд Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогыг зохион байгуулах гэж байна.
Үүнтэй
холбогдуулан Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны тооллогын комиссын холбогдох албан хаагчид болон
багийн Засаг дарга нарт сургалт зохион байгуулж, тооллогын бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ удаагийн хүн ам, орон сууцны завсрын тооллого төрийн
байгууллагуудын суурь болон төрөлжсөн мэдээллийн сангийн бүртгэлд суурилсан аргаар
зохион байгуулах гэж буйгаараа онцлог юм.
Тооллогын ажлын хүрээнд өгөгдлийн чанарыг сайжруулах, мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор хүн ам, өрхийн мэдээллийн сангийн шинэчилсэн программд мэдээлэл шинэчлэх, мөн иргэдээс утсаар болон биечлэн тодруулах ажил энэ сарын 15-наас эхэлнэ.
Хүн ам, орон сууцны завсрын тооллого нь улс орны нийгэм, эдийн засгийн бодлого, төлөвлөлтөд шаардлагатай статистикийн мэдээллийг бүрдүүлдгээрээ чухал ач холбогдолтой юм.