БНСУ-д 58 мянга гаруй монгол иргэн амьдарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-11 12:34:04

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд Солонгос дахь “Намү” хүүхэд, гэр бүлийн сэтгэл зүйн төвийн тэргүүн Б.Үүрцайх, дэд тэргүүн Л.Баттуяа, математикийн багш Ч.Ундармаа, Б.Майцэцэг, Б.Онон нарыг хүлээн авч уулзжээ.


2025 оны аравдугаар сарын 30-ны байдлаар БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан мэдээгээр Монгол Улсын 58.686 иргэн тус улсад амьдарч байна. Үүнээс 6718 нь 18 хүртэлх насны хүүхэд байгаа юм.


Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүд хэлний бэрхшээл, соёлын ялгаа зэрэг олон сорилттой өдөр бүр тулгардаг нь хичээлийн хоцрогдолд хүргэдэг гол шалтгааны нэг болдог аж. Элчин сайд С.Сүхболд төвийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудалтай танилцаж, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов. Мөн төвийн үйл ажиллагааг тогтворжуулах, монгол хүүхэд болон гэр бүлд бодит дэмжлэгийг хүргэхийн тулд ЭСЯ-наас идэвхтэй, үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.


“Намү” төв нь БНСУ-д амьдарч буй монгол хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол, хэлний бэрхшээл, нийгмийн дасан зохицол зэрэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улс болон БНСУ-д бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.



Связанные новости