ДОРНОГОВЬ: Үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Н.Надмидын 100 жилийн ойг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-10-21 16:56:53

Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын ЗДТГ-аас тус сумын уугуул,  Монголын үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Нанзадын Надмидын мэндэлсний 100 жилийн ойг өнгөрсөн амралтын өдөр тэмдэглэлээ. 


Сумын ИТХ-ын 2025 оны наймдугаар сарын 12-ны ээлжит 6 дугаар хуралдаанаар сумын номын санг зохиолчийн нэрэмжит болгосон байна. 


Зуун жилийн ойн үйл ажиллагааг зохиолчийн ах дүү, хамаатан садантай хамтран тэмдэглэсэн бөгөөд дунд сургуулийн сурагчдын дунд зохиолчийн зохиол бүтээлээс сэдэвлэсэн дүрийн тоглолт, уран уншлага, номын үзэсгэлэн, нутгийн зохиолчдын  дунд "Дэлгэрэх судар" богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулжээ.


Нэрт зохиолч, сэтгүүлч, нийтлэлч Нанзадын Надмид 1925 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг Замын гашуун гэдэг газар малчин ардын гэр бүлд төржээ.


Тэрбээр бага насаа төрсөн нутагтаа өнгөрүүлж, байгаль дэлхий, түүх домгийн аман яриаг сэтгэлдээ шингээн өссөн нь хожмын уран бүтээлийнх нь үндэс болсон байна.

Тэрээр 1939 онд бага сургууль дүүргэн 1939-1943 онд Хөдөө аж ахуйн техникумыг малын бага эмч мэргэжлээр, 1943-1946 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль, 1953-1956 онд МУИС-ийн дэргэдэх утга зохиолын оройн дээд сургууль тус тус төгсжээ.




Түүний онцлох бүтээлээс дурдвал, “Улаанбаатарт байгаа миний аавд” (1961 он) Монголын уран сайхны киноны зохиолчоор Д.Дожоодоржийн хамт ажилсан бол “Ус” (1965 он) Монгол киноны зохиолчоор Дашиев Арьяагийн хамт ажиллаж байв.


“Сүхбаатарын тухай өгүүллэгүүд” нь тухайн үеийн ЗХУ-д орос, тажик, молдав хэлээр хэвлэгдэж байсан бол “Гал голомт” жүжгийн зохиолын гар бичмэл нь сумын музейд хадгалагдаж байна.

Мөн "Эр цэрэг, зэр зэвсэг", “Хүлээс алдарсан нь", "Хүний тавилан" зэрэг роман, "Болзоо" нэг бүлэгт жүжгүүд, "Оршил" жүжгийн зохиол зэрэг олон бүтээл туурвиж байв. 

Связанные новости