СЭЛЭНГЭ: Уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-22 14:20:11

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын баг энэ сарын 16-18-ны өдрүүдэд Ерөө, Хүдэр сум, Бугант тосгонд ажиллаж, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.  

 

Дээрх багийн гишүүн, аймгийн ЗДТГ-ын геологи уул уурхайн газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Б.Болортуяа “Энэ хяналт шалгалтыг 8 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 5 удаа хийж байна. Бид өмнөх шалгалтаар үйл ажиллагааг нь зогсоож тавьсан лац ломбо бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгалаа. Ингэхэд ямар нэгэн ашиглалт хийгээгүй, тухайн үед хяналт шалгалт хийгээд лацадсан байдал нь хэвээрээ байна” гэв.

 

Харин аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага, хууль хяналт, цахим бодлогын хорооны дарга Р.Одмөнх “Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаа явуулж байгаа “Түмэн эрхт” компанийн үйл ажиллагааг шалгахад тус компанийн талбайд байрлаж байгаа нэгж техникүүд улсын гэрчилгээгүй, улсын дугааргүй зөрчил илэрсэн” гэв.  

 

Мөн шалгалтын багийнхан хуулийн хэрэгжилт, байгаль орчны хамгаалалт, орон нутгийн иргэдийн санал гомдлын шийдвэрлэлтийн байдалд дүн шинжилгээ хийхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд анхаарах шаардлага байгаа зэрэг дутагдлууд илэрсэн байна.

 

Иймээс илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч, дахин давтахгүй байхыг анхааруулсан байна.

Связанные новости