ДОРНОГОВЬ: Мөнхийн булаг ширгэдэггүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газраас толилуулж байна. Энэ удаа Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байдаг Мөнхийн булагийн тухай өгүүлье.
Сумын төвөөс 38 км зайтай Адрамгийн уулын баруун хэсэгт хайлаас модтой аманд байдаг мөнхийн устай булаг юм.
Уулын аманд ан амьтан төрөл бүрийн хорхой, мөлхөгчид элбэг байдаг. Нэгэн домгоос үзвэл, нэгэн цагт хагархай Мөнх гэдэг хүн алга болж хэд хоногийн дараа булгийн усан дээр малгай, тамхины уут зэрэг нь хөвж байсан учир энэ хүний нэрээр нэрлэсэн тухай нутгийн ам дамжсан яриа байдаг.
Булаг нь ширгэдэггүй. Учир нь мөнх устай гэснээс нэрлэгдсэн байж болох учиртай. Энд байгалийн янз бүрийн элемент болон олон янзын могой элбэг байдаг ажээ.
Мөн сэтгэл татам сүрлэг хадны тогтцууд, элэгдэж эвдэрсэн хадан хавцал, булаг шанд бүхий байгалийн онцлог нь аргаль, янгир хар сүүлт, цагаан зээр зэрэг зэрлэг амьтдын идээшэн амьдрах нөхцөл болжээ.
Энэхүү газрыг Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 95 дугаар тогтоолоор аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэгээр баталжээ.