БНХАУ, АНУ худалдааны асуудлуудыг зохицуулах суурь тохиролцоонд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-27 10:21:11

КУАЛА-ЛУМПУР, 2025 оны аравдугаар сарын 27 /Xinhua/. БНХАУ, АНУ-ын төлөөлөгчдийн хоёр өдрийн хэлэлцээний дүнд худалдааны асуудлуудыг шийдвэрлэх зохицуулалтын талаар суурь тохиролцоонд хүрчээ. 


“Хятад, АНУ-ын эдийн засаг, худалдааны харилцааны мөн чанар нь харилцан ашигтай байх явдал бөгөөд хоёр улс хамтран ажилласнаар ашиг хүртдэг бол сөргөлдсөнөөр хохирдог” гэж Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нартай бямба, ням гарагт уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна.


Энэ оны эхнээс хойш хоёр улсын төрийн тэргүүн нарын утсаар ярих үеэрээ хүрсэн чухал тохиролцоонд үндэслэн хоёр тал Хятадын далайн тээвэр, логистик, хөлөг онгоцны үйлдвэрлэлийн салбартай холбоотой АНУ-ын арга хэмжээнүүд, харилцан татварыг хойшлуулах хугацааг сунгах, фентанилтай холбоотой тариф, хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа, экспортын хяналт зэрэг харилцан сонирхож буй худалдаа, эдийн засгийн чухал асуудлуудаар илэн далангүй, нухацтай, бүтээлч байдлаар санал солилцжээ. Хоёр тал тодорхой нарийн ширийн нөхцөлүүдийг боловсруулж, хоёр талын зөвшөөрөл олгох үйл явцыг дагаж мөрдөхөөр тохиролцсон байна.


Хятад, АНУ-ын худалдааны харилцааны тогтвортой хөгжлийг хадгалах нь хоёр улс орон, ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцэж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтийг хангаж байна гэж Хэ Лифэн хэлжээ. Эдийн засаг, худалдааны асуудлаарх санал зөрөлдөөнийг зохицуулахын тулд хоёр тал харилцан бие биенээ хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмуудыг баримталж, тэгш эрхтэйгээр яриа хэлэлцээ, зөвлөлдөх уулзалт хийж, бие биенийхээ санааг зовоож буй асуудлуудыг зохих ёсоор шийдвэрлэх арга замыг олох ёстойг тэрбээр онцолсон байна.


Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны асуудлаарх яриа хэлэлцээнүүдийн дүнд хүрсэн ололт амжилтыг хамгаалахын тулд хоёр талын хамтын хүчин чармайлт шаардлагатай гэж Хэ Лифэн нэмж хэллээ. Хятадтай ижил зүгт зорин хамтран ажиллаж, хоёр улсын төрийн тэргүүн нарын утсаар ярих үеэрээ хүрсэн чухал зөвшилцөл, мөн энэ онд болсон хоёр талын худалдааны хэлэлцээрийн үр дүнг хэрэгжүүлж, харилцан итгэлцлийг улам бүр бэхжүүлж, санал зөрөлдөөнийг зохицуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааг илүү өндөр түвшинд гаргахыг АНУ-ын талд тэрбээр уриалжээ.


Хариуд нь АНУ-ын тал мэдэгдэхдээ, Америк-Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаа бол дэлхийн хамгийн нөлөө бүхий талуудын харилцаа гэдгийг онцлоод, санал зөрөлдөөнийг зохих ёсоор шийдвэрлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хамтын хөгжлийг дэмжихийн тулд Хятадтай харилцан тэгш эрхтэй, бие биеэ хүндэтгэх зарчимд тулгуурлан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Хоёр тал хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн зөвлөлдөх механизмыг бүрэн ашиглаж, эдийн засаг, худалдааны салбарын харилцан сонирхож буй асуудлаар нягт харилцаа холбоогоо хадгалж, хоёр ард түмэнд ашиг тусаа өгч, дэлхийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах худалдаа, эдийн засгийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг дэмжинэ гэдэгт санал нэгджээ.

 


Связанные новости