“Toyota” компанийн борлуулалт өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-27 15:57:04

ТОКИО, 2025 оны аравдугаар сарын 27 /Kyodo/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ногдуулсан өндөр татварын нөлөөллөөс үл хамааран Хойд Америк болон Хятадад хос хөдөлгүүртэй авто машины эрэлт их байгаатай холбоотойгоор дэлхий даяарх энэ оны 4-9 дүгээр сарын хоорондох борлуулалт нь өмнөх оны мөн үеийнхээс 4.7 хувиар өссөн тухай Toyota Motor” компани өнөөдөр мэдээлжээ.


Дэлхийн авто машин үйлдвэрлэгч хамгийн том тус компани дээр дурдсан зургаан сарын хугацаанд 5 267 216 авто машин борлуулснаар мөн хугацаанд хийсэн борлуулалтын дээд амжилтыг сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа шинэчилсэн байна. Түүнчлэн дэлхий даяарх үйлдвэрлэл 6.0 хувиар өсөж, 4 985 122 авто машинд хүрсэн бол дотоодын үйлдвэрлэл 3.4 хувиар өсжээ. Үүнд өнгөрсөн онд гарсан гэрчилгээний дуулианы дараа үйлдвэрлэл сэргэсэн нь нөлөөлсөн байна.


Бүс нутгаар нь авч үзвэл, хос хөдөлгүүртэй авто машины эрэлт их байгаатай холбогдуулан АНУ-д борлуулалт 11.3 хувиар өсөж, 1 295 606 авто машин борлуулжээ. Харин Хятад дахь борлуулалтын хувьд, үнийн ширүүн өрсөлдөөн өрнөж, зах зээл цахилгаан тээврийн хэрэгсэл рүү өргөнөөр шилжиж байгааг үл харгалзан шинэ цахилгаан тээврийн хэрэгсэл болон хос хөдөлгүүртэй машины эрэлт өндөр байгаатай холбогдуулан 5.5 хувиар өсөж, 914 342 ширхэг болсон гэж “Toyota” мэдээлсэн байна.


Тэгвэл хэрэглэгчдийн дунд алдартай “Prius” хос хөдөлгүүртэй авто машиныг эргүүлэн татсанаас үүдэн борлуулалт буурсны дараа эргэн сэргэж байгаа энэ үед дотоодын борлуулалт 0.4 хувиар буурч, 713,967 ширхэг болжээ. Есдүгээр сард дэлхий даяарх борлуулалт 3.1 хувиар өсөж, 879 314 болсноор өмнөх оны мөн үеэс ес дэх сардаа дараалан өссөн байна. Түүнчлэн дэлхий даяарх үйлдвэрлэл 11.1 хувиар өссөнөөр 918 146 ширхэгт хүрсэн нь тухайн сарын дээд үзүүлэлт болжээ.


Гэсэн хэдий ч АНУ-д авто машины татвар өндөр байгаа нь дэлхийн хамгийн том авто машин үйлдвэрлэгчийн ашгийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж байна. 2026 оны гуравдугаар сар хүртэлх одоогийн санхүүгийн жилд цэвэр ашиг 44.2 хувиар буурч, 2.66 их наяд иен /17 тэрбум ам.доллар/ болно гэж таамаглаж байгаа бөгөөд АНУ-ын авто машины өндөр татварын нөлөөллийг зардлыг бууруулах, өндөр ашигтай загварын борлуулалтыг нэмэгдүүлэх замаар бүрэн нөхөхгүй гэж үзэж байна.


Энэ оны дөрөвдүгээр сард Д.Трампын засаг захиргаа улсынхаа худалдааны асар их алдагдлыг бууруулах зорилгоор гадаадад үйлдвэрлэсэн авто машинд өмнө нь ногдуулж байсан 2.5 хувиас хамаагүй өндөр буюу 27.5 хувийн тариф ногдуулсан юм. Харин Японоос нийлүүлэх тээврийн хэрэгслийн татварыг 15 хувь хүртэл бууруулах тохиролцоонд есдүгээр сард хүрсэн билээ.


“Toyota” компанийн бүтэн жилийн борлуулалт 2023 оны санхүүгийн жилд 10.3 саяд буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрсний 80 хувийг нь хилийн чанад дахь борлуулалт эзэлж байсан юм. АНУ-ын өндөр татвартай холбоотой зах зээлийн хүнд нөхцөл байдлыг харгалзан тус компани Хойд Америкийн зах зээлээс хамааралтай байдлаа бууруулж, Хятад болон Азийн бусад зах зээлд анхаарлаа төвлөрүүлэх замаар орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна.

 


Связанные новости