Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-28 09:29:44

ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал намжих төлөв ажиглагдаж, АНУ Азийн хэд хэдэн оронтой худалдааны шинэ гэрээнд гарын үсэг зурсны дараа алтны үнэ даваа гарагт 3.2 хувиар буурч, 3981 ам.доллар болжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай үүсээд буй худалдааны хурцадмал байдлыг намжаах боломжтой гэсэн дохио өгсний дараа алтны үнэ сүүлийн хэдэн өдрийн турш буурч байна.


Өнгөрсөн даваа гарагт уг үнэт металлын үнэ түүхэн дээд үзүүлэлтэд буюу 4381.6 ам.долларт хүрсэн нь дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын хоорондын худалдаанд үүссэн хурцадмал байдал, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт, Төв банкууд нөөцдөө алт худалдан авч байгаа зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн юм.


Харин ховор металлын экспортын хяналтаа Хятад чангатгасны хариуд 100 хувийн тариф ногдуулна гэж сүрдүүлж байсан Д.Трамп Бээжинтэй “шударга тохиролцоо”-нд хүрнэ хэмээн мэдэгдсэний дараа алтны үнэ огцом унажээ. Түүнчлэн Д.Трампын Азийн гурван оронд хийсэн айлчлал нь алтны үнэ унахад мөн нөлөөлжээ. АНУ-ын тал Камбож, Тайландтай худалдааны гэрээнд гарын үсэг зурсан юм.


Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт Өмнөд Солонгост пүрэв гарагт болох гэж байна. Хоёр удирдагч сүүлийн хоёр долоо хоногийн турш хурцдаж буй нөхцөл байдлыг намжаана гэж олон нийт найдаж байна.


Даваа гарагт мөнгөний нэг унцын үнэ мөн 4.3 хувиар буурснаар 46.5 ам.доллар болжээ.

Связанные новости