Австрали цэргүүдийн 1916 онд бичсэн зурвас бүхий лонх олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-10-30 13:05:49

КАНБЕРРА, 2025 аравдугаар сарын 30 /BBC/. Австралийн хоёр цэргийн 1916 онд бичиж, лонхонд хийсэн зурвас зуу гаруй жилийн дараа тус улсын баруун өмнөд эргээс олджээ. Тэд Дэлхийн I дайны үеэр Францад тулалдахаар аян замд гарснаасаа хойш хэдхэн хоногийн дараа баяр хөөртэйгээр зурвасуудыг бичсэн байна. 


Цэргүүдийн нэг байлдагч Малкольм Невилл ээждээ хандан “хөлөг онгоцны хоол үнэхээр сайхан амттай байсан” хэмээн бичээд, тэд “Ларри шиг л аз жаргалтай” байгаагаа дурджээ. Түүнээс хэдэн сарын дараа тулалдаанд тэрбээр 28 насандаа амиа алдсан байна. Харин нөгөө цэрэг болох 37 настай байлдагч Уильям Харли дайнаас амьд үлдэж, гэртээ эргэн иржээ.


Захидлуудыг тэдний үр удамд дамжуулан өгөх үед олдворыг хараад ихэд цочирдсон байна. Лонхыг энэ сарын эхээр Баруун Австралийн Эсперанс хотын ойролцоох Уортон далайн эргийн орчмоос нутгийн оршин суугч Деб Браун болон түүний гэр бүлийнхэн олсон байна. Тэрбээр нөхөр, охиныхоо хамтаар хог хаягдлыг цэвэрлэхээр далайн эрэг дээр очих үедээ элсэн дээр зузаан шилэн лонх байгааг олж харжээ.


“Бид далайн эрэгт тогтмол их цэвэрлэгээ хийдэг тул хог хаягдлын хажуугаар хэзээ ч зүгээр өнгөрөхгүй. Энэхүү жижиг лонх тэнд хэн нэгэн олохыг хүлээн хэвтэж байсан” гэж Д.Браун “Associated Press” агентлагт ярьсан байна. Цаас норсон байсан боловч хоёр захидал хоёулаа уншигдахаар байсан тул Д.Браун тэдгээрийг цэргүүдийн гэр бүлийнхэнд нь дамжуулан өгөхөөр судалж эхэлжээ.


Улмаар цэргүүдийн нэр, төрсөн хотоор нь интернэтээр хайлт хийснээр  М.Невиллийн ач хүү Херби Невиллийг олжээ, учир нь түүний ээжийн хаяг захидалд бичигдсэн байлаа. Х.Невилл “ABC News” ярилцлага өгөхдөө, болсон үйл явдал түүний гэр бүлд, ялангуяа М.Невиллийн зээ дүү Мариан Дэвисийн хувьд “итгэмээргүй” байсан гэлээ. Тэрбээр авга ах нь дайнд яваад эргэж ирээгүйг санаж байжээ.


Харин Уильям Харлигийн хувьд өөрийн захидлыг зүгээр л лонхыг олсон хүнд зориулан бичсэн байсан бөгөөд түүний ээж хэдэн жилийн өмнө нас барсан байжээ. У.Харлигийн ач охин Анн Тернер “ABC”-д өгсөн ярилцлагадаа тэрбээр өөрөө болон дөрвөн ач хүү нь зурвасыг хараад “маш их гайхсан” хэмээн хэлжээ. “Энэ үнэхээр гайхамшиг мэт санагдаж байна, өвөө маань тэнгэрээс бидэнтэй холбогдсон мэт санагдаж байна” гэж тэрбээр ярилаа.


Далай судлалын профессор “ABC”-д ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ, уг лонх хэдхэн долоо хоногийн хугацаанд усан дотор байж байгаад давлагаанд туугдан Уортон эрэгт ирээд 100 жилийн турш булаатай байсан байх магадлалтай гэжээ.  

 


Связанные новости