ЗАВХАН: Зуун дамнасан нөхөрлөл

ФОТО МЭДЭЭ
myagmarsuren@montsame.mn
2025-10-30 13:36:46

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймагт Дилав хутагт болон Оуэн Латтимор нарын нөхөрлөлийг харуулсан "Зуун дамнасан нөхөрлөл” нэртэй үзэсгэлэн дэлгэжээ.


Шашин төрийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжавын амьдрал, үзэл санаа, үйл хэрэг, эх оронч түүхэн гавьяаг бүжгэн жүжиг хэлбэрээр илэрхийлсэн "Мөнхөд гэрэлтэх диваажин" бүжгэн жүжгийн нээлтийн үеэр дэлгэсэн тус үзэсгэлэн олны сонирхлыг татаж байна.


Энэхүү үзэсгэлэн нь Дилав хутагт Б.Жамсранжавын эрхэм анд нөхөр, номын шавь Оуэн Латтиморын гэр бүлийн зургийн цомогт хадгалагдаж байсан зургуудаас бүрджээ. Өөрөөр хэлбэл нэрт монгол судлаач эрдэмтэн Латтиморын гэр бүлээс Америк, Монголын судлалын төвд хандивласан ховор зургуудаас дэлгэн үзүүлжээ.



Дилов хутагтын АНУ-д хөл тавиад авхуулсан анхны түүхэн агшин.


1949 оны 3 дугаар сарын 1-ний өдөр авчээ. Оуэн Латтимор, Дилова хутагт хоёрын хамтдаа татуулсан зураг. Зурагчны нэрийг нь Калита гэнэ. Энэ бүх мэдээлэл зургийнхаа ар талд байдаг. Латтимор Дилова хутагтыг 1949 оны 2 дугаар сарын сүүлээр АНУ-д авчирсан хэмээдэг.

Тэгвэл энэ зургийн огноо, төрх байдлыг харахад хутагтын дөнгөж Балтиморид буугаад авхуулсан, өөрөөр хэлбэл АНУ-д хөл тавиад авхуулсан анхных нь түүхэн зураг бололтой. Учир нь Латтиморын цаана аяных нь чемодан харагдаж байна. Хутагт монгол маягийн цамцан дээрээ нэлээд томдсон куртка өмссөн, зүүн гартаа шүхэр барьсан харагдана.

Шүхэр нь бороо орсныг, куртка томдсон байгаа нь борооноос хамгаалан хүний хувцас өмсүүлснийг илтгэх мэт. Урт аянд алжаасан шинж бас харагдаж байна.
                                           /Дилав хутагт сан/






Дилав хутагт Жамсранжав, Америкийн эрдэмтэн О.Латтиморын тусламжтайгаар Америкт анх хөл тавьжээ.

Америк тивийн зүүн эрэг дэх усан замын боомт Балтимор хот.
“…Тэнгэрийн ивгээл, амьд явахын хувь тавилаан гэж !! Эх монгол нутгийнхаа алтан шороог үнэрлэлгүй хорин жил боллоо. Тийм ээ, яг л хорин жил! Алс холын энэ тивд ирээд бүтэн жилийн нүүр үзэх нь. Энэ том оронд бидний санаж зорьсноор, монгол судлал хөгжвөл урамтай л байна.

Гэтэл насаараа лам дээл өмсөж, буяны мөр хөөсөн хүн юугаараа тус дэм болж гийгүүлэх билээ. Энд би сүжигтнээр, ер нь юугаар ч дутаагүй хэрнээ хонх дамрын дуугаар дутаж байна гэж үү? Замбуулин уудам юм даа. Хойтонгоос Азидаа, номын дуутай Энэтхэг, Төвд рүү буцдаг ч юм бил үү ?! Ийнхүү амандаа шивэгнэв. Энэ хүн Дилав хутагт Жамсранжав байлаа.

                 /Дилав хутагт номоос иш татав/

...Хажуугийн өрөөнөөс тавь эргэм насны, бодол тунарсан ухаалаг том нүдтэй америк хүн, олон хуудастай сонины дугаар барин орж ирж, Гэгээнтэн таны ажилд саад болоогүй биз! хэмээн хүлцэл эрэв. Энэ хүнийг Оуэн Латтимор гэнэ. Балтимор хот дахь Жон Хоупкиний их сургуулийн гадаад хэлний салбарын захирал, дорно дахины судлалаар мэргэшсэн нэрд гарсан эрдэмтэн ажээ.

                                           /Дилав хутагт сан/