Шатдауны улмаас нислэгүүд цуцлагдаж болзошгүйг анхааруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /ABC/. АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа түр зогсож, агаарын хөдөлгөөний диспетчерийн дутагдал үүссэний улмаас олон нислэгийг цуцлах, хойшлуулах төлөвтэй байна.
АНУ-ын Тээврийн сайд Шон Даффи "АВС" сувагт ярилцлага өгөхдөө, зорчигчдын аюулгүй байдлыг хангахын тулд эдгээр арга хэмжээг авах шаардлагатай болсныг мэдээлжээ. Түүний хэлснээр, хэрэв “шатдаун” буюу засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт хэдэн долоо хоног үргэлжилбэл агаарын тээврийн нөхцөл байдал улам дордоно.
“Бид иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд улс даяар нислэгүүдийг хойшлуулах, шаардлагатай бол цуцлах арга хэмжээ авна” гэж Даффи мэдэгджээ.
АНУ-д одоо үргэлжилж буй "шатдаун” Конгресс ирэх жилийн төсвийг батлаагүйгээс шалтгаалан 10 дугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд тус улсын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн "шатдаун" болж магадгүй байна.
Өмнө нь Нью-Йорк муж улсын амбан захирагч Кэти Хокул засгийн газрын үйл ажиллагаа түр зогссонтой холбоотойгоор хүнсний талоны санхүүжилтийг үргэлжлүүлэх зорилгоор онцгой байдал зарласан байна.
Ulaanbaatar