ӨМНӨГОВЬ: Хонгорын голд хөв цөөрөм, дуслын усалгааны систем шинээр байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-11-03 11:08:36

Даланзадгад, 2025 он арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Говийн бүс нутагт тулгамдаж буй усны хомсдолын асуудлыг шийдвэрлэх, ан амьтдын усны хэрэгцээг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор хөв цөөрөм байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

 

Тус ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллагын судалгаа, зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэн ажилладаг юм.

 

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Хонгорын голд шинээр байгуулсан хөв цөөрөм нь 13,200 м.куб эзлэхүүнтэй, 100 тонн багтаамжтай ус нөөцлөх сантай, дуслын усалгааны систем бүхий 1.2 га талбайтай.

 

Байгуулсан хөв цөөрмийг тойруулан хоёр мянган заг тарьжээ. Мөн Хонгорын голыг зорин ирдэг аялагч, жуулчдын аялах, амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 57.6 м.куб багтаамжтай усан бассейн, амралтын цэгийг байгуулсан байна.

 

Энэхүү хөв цөөрөм нь Өмнөговь аймгийн хэмжээний 9 дэх бүтээн байгуулалт бөгөөд нутгийн байгаль орчны нөхөн сэргээлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаагаараа үр дүнтэй юм.


Уг цөөрмийг инженер Дугармаа гардан барьж, ногооны талбайд ус татан бороожуулж, төрөл бүрийн хүнсний ногоо тарьж ургуулан борлуулж байсан ч 1989 онд үйл ажиллагаа зогсож, дахин ашиглаагүй байсныг ийнхүү 2025 онд шинээр дахин 13,300 м.куб багтаамжтай, 150×90 метр хэмжээтэй цөөрмийг барьж, ашиглалтад оруулсан байна. 

 

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат хөв цөөрмийн бүтээн байгуулалттай танилцан цаашдын ашиглалт, хамгаалалтад онцгой анхаарч, мод бут, газар тариалан эрхэлж үр ашигтай байлгахад анхаарч ажиллахыг үүрэг чиглэл болголоо. 

Связанные новости