Их, Бага тойруу орчимд ашиглалтын шаардлага хангаагүй 376 барилга байгааг тогтоожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
                                                                    Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хот байгуулалтын алба болон НЗДТГ-аас хотын төвд байрладаг хэт хуучин орон сууцыг барилгажуулах, шинэ барилгын өндрийг тогтоож дахин төлөвлөх ажлыг зохион байгуулж байна.
Тухайлбал, Бага тойруу, Их тойруу орчмын бүсэд ашиглалтын шаардлага хангаагүй, олон жил ашигласан 376 барилга байгааг тогтоожээ. Үүний 40-50 барилга нь иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал, чанарын шаардлага хангахгүй байгаа учраас дахин төлөвлөлтөд оруулж эхэлсэн аж.
Энэ талаар “Улаанбаатар орон сууцжуулалт” компанийн Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн дарга Б.Бат-Учрал ярихдаа, “Нийслэлийн Засаг даргын захирамжаар төвийн зургаан дүүргийн 80 орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулж байна. Үүнд, сонгон шалгаруулалт зарлаж 14 төсөл хэрэгжүүлэгч компани шалгарч үе шаттай ажлууд хэрэгжүүлж байгаа. Эдгээрээс гурвынх нь барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрладаг 16 давхар барилгын цутгалтыг бүрэн хийж дууссан. Мөн Баянгол дүүрэгт дахин төлөвлөлтийн хүрээнд нэг орон сууцны суурийн ажлыг эхлүүлсэн. Сүхбаатар дүүрэгт орон сууцны хөрс хуулж байна. 14 төсөл хөтөлбөрт 2500 орчим айл өрхийг орон сууцжуулах бөгөөд орон сууцууд 2027 онд ашиглалтад орно” гэв.
Уг төслийг хэрэгжүүлснээр 2500 орчим өрхийн яндан бууж, иргэд
тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ гэдгийг төсөл гүйцэтгэгчид онцоллоо. 
        Ulaanbaatar