Шатахууны нөөцийн сав барихаар импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
                                                                    Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 440 мянган тонн шатахуун агуулах сав байдаг бөгөөд энэ нь манай улсын сар гаруйн хугацааны хэрэглээ юм.
Тэгвэл Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нефтийн бүтээгдэхүүнийг 3-6 сарын хугацаанд хадгалах агуулах савтай болохоор тусгажээ.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, “Шатахуун нөөцлөх савыг ирэх жилд нэмэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Ковидын хуулийг дахин өргөн барьж, шатахуун нийлүүлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүд болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хямд эх үүсвэрээр нөөцийн саваа дүүргэнэ. Монгол Улс жилдээ 560 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн олборлож, экспортолдог. Сард 220 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор авдаг. Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ 20 хувиар өсөж байна. Шатахууны тасалдлаас сэргийлэх зорилгоор АҮЭБЯ, Сангийн яам, ЭЗХЯ хамтарсан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр бий болгох шийдвэр удахгүй гарна. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилтдоо хүрэх чиглэлээр ажиллана” хэмээн ярилаа.
Нэг сарын нөөц хадгалах савны зардал өнөөдрийн үнэлгээгээр
500 орчим тэрбум төгрөг байна. Үүнд Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийн эх
үүсвэрийг аж ахуйн нэгжүүүдэд
өгөх зорилгоор 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй
зээл олгохоор ажиллаж байгаа
аж. 
        Ulaanbaatar